Сэлэнгэ аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбат: Тариа буудайгаар ярих юм бол Мардаан баатар үр нь юм

17-03-2017, 05:34

"Газар эх тэнгэр этүгэн" гэж бөөгийн сүлд дуудлагад аргаддаг. Тэгвэл газар эхийг аргадаж, тэнгэр эцэгтэй харьцаж хүмүүний идээ умдааны хүнсийг бэлтгэдэг хөдөлмөрийн агуу сайчуулыг хүн төрөлхтөнд бурхны хишгийг түгээхээр ирсэн буяны мутартан гэж нэрлэвээс зохистой. Бурхны хишгийг түгээгчдийг буяны мөр дагалдаж, тэд энгүй их алдар нэрийг олонд дуурсгаж чаддаг. Тэдний нэг бол Шаравын Мардаан хэмээх хижээл эр.

 

Тэрээр Монгол Улсын хөдөлмөрийн баатрын эрхэм алдрыг АТАР-50 жилийн ойн өмнөхөн гардсан юм. Сэлэнгэчүүд атар газар, атарчдаараа бахархдаг ард түмэн. Тэдний бахархлын тайлал, олон зуун мянган тариаланчдын хөдөлмөрийн үнэлэлт нь Сэлэнгэ аймаг Сүхбаатарын одонгоор шагнагдаж, Ш.Мардаан тариаланч хөдөлмөрийн баатар болсон явдал. Нэгэн залуухан агрономич тариалалтын талаар товч мэдээлэл хийж байгаа дүр зураг баримтат кинонд түүх болон үлджээ.

Энэ бол Ш.Мардаан агрономичийн залуу насны ажил хөдөлмөрийн өрнүүн үеийн дүрс зураг. Газартай залуу наснаасаа холбогдож, нэг газартайгаа олон жил ярьж, түүнийг аргадаж, умдааны шидэт үрлийг асгарууланхан хурааж, бий болгож чаддаг хүн бол Ш.Мардаан баатар. Түүнийг мэргэжил нэгт нөхөд тэгж үнэлдэг юм билээ. Сэлэнгэ аймгийн ХХАА-н газрын дарга Х.Даваахүү "Олон жил нэг газраа тогтвортой ажиллаж, ургацыг тогтмол хэмжээнд хурааж авч түүчээ болж байгаа хүн бол Мардаан баатар" гэж тодорхойллоо. Мөн "Манай Мардаан аргагүй баатар болох хүн. Олон жил нэг газраа тогтвортой ажилласан, тухайн газраа мэддэг, газартайгаа харьцаад сурчихсан хүн" гэж аймгийн ХХАА-н газрын дарга асан Г.Бадарч хэлж байна.

Тариан талбай дахь он жилүүд
Ш.Мардаан баатар 1978 онд ХААИС-ийг агрономич мэргэжлээр төгсөж ирснээс хойш Номгон (Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон тосгон)-оосоо холдсонгүй, 34 дэх жилдээ ажиллаж байгаа аж. 1992 оноос газар тариалангийн салбар бүтцийн өөрчлөлтөд ороход Газрын Ундраа ХХК байгуулан тариан талбайдаа бие даан зүтгэж эхэлжээ. Улс орны эдийн засгийн хүнд байдал, санхүүгийн хөшүүрэг үл байгаа нөхцөлд тэрээр жил тутам ургац алдсангүй, га-гаас авах ургацын хэмжээг тогтмол барьсаар иржээ. Түүний ажлын амжилтын нэг тал энэ. Нөгөө тал нь 1978 оноос Номгон САА-н үр тарианы бодлогыг барьж, 22 мянган га эргэлтийн талбай бүхий, олон зуун тариаланч, ногоочдыг удирдан жилдээ 24-25 мянган тонн үр тариа хурааж ирсэн 14 жилийн нүсэр их хөдөлмөр. Энэ хугацаанд тэрээр САА-н ерөнхий агрономи байв. Ш.Мардаан баатар ажил хөдөлмөрийг зөв зүйтэй зохион байгуулдаг төдийгүй өөрөө газар тариалангийн мэргэшсэн мэргэжилтэн.

1990-ээд оноос өмнөх үеийн тариалалтын талаар "Тэр үед ургац хураалтын талаар дээд хэмжээндээ хүч байсан тал бий. Найрамдал САА (Цагааннуур сум) 78 мянган тонн ургац авч байсан. Мөн дээрээс өгсөн даалгаврыг заавал биелүүлэхийг шаардаж үр тариаг тариалах, хураах хугацааг тавьдаг байлаа. Энэ нь газар тариалангийн техник технологийн талаар бодлого хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, ургац их авах боломжийг алдаж байсан явдал бий. Гэвч дээрээс өгсөн удирдлагын зэрэгцээ өөрсдийн оюун ухаан, ажил хөдөлмөртөө найдаж, шийдвэр гарган тариа буудайгаа амжилттай хурааж байсан" гэж хүүрнэж байв."Хөрс нь хэцүү, элсэнцэр газраас жил тутам 20-оос доошгүй центнер ургац авч байгаа хүн бол ганцхан Ш.Мардаан баатар" гэж ахмад тариаланчид дүгнэж байна. Социализмын үеийн 14 жил, зах зээлийн эдийн засгийн үеийн 20 жил бол Ш.Мардаан баатрын тариан талбай дахь нүргэлсэн он жилүүд. Энэ хугацаанд тэрээр Монгол Улсын гавъяат агрономи, Алтан гадас одон, Тэргүүний тариаланч цол тэмдгийг хүртжээ. Одоо ч тэрээр газартайгаа, тариатайгаа, хамт олонтойгоо.

Үр тарианы мэргэжилтэн - багш
Нэгэн ухааны мэргэшсэн мэргэжилтэн байна гэдэг бусдад үлгэр дууриалал болж бусдад багшлан заах үүрэг гарч ирдэг. Ш.Мардаан баатар өөрөө тариаланч баатар байгаад зогсохгүй бусдад зааж өгч бусдыг буяны мөрд дагуулах үйлстэн гэмээр. Тэрээр Сэлэнгэ аймгийн бусад сумдаар урилгаар явж тариаланчдад газар дээр нь зөвлөж, хэрхэн тариа ургуулах эрдмийг сургана. Тариаланчдын хурал зөвлөлгөөн, сургалт семинарт уригдаж заавар зөвлөлгөөн өгнө. "Мардаан баатар тариаланчдад онол практикийн талаас нь ингэж хий, тэгж хий гэж хэлж өгдөг. Сайхан сумын Номгон тосгоны тариаланчид Мардааны заавар зөвлөлгөө байнга авч ажилладаг" гэж Х.Даваахүү дарга хэлж байна. Мөн түүний шавь Хөтөл Ундарга ХХК-ийн захирал Л.Батсүх "Манай багш Ш.Мардаан амьдралын үлгэр дууриал болсон хүн. Бидэнд байнга зөвлөлгөө өгдөг.

Үр тариа хэрхэн ургуулах талаар. Мөн үр тарианы онолын талаар хэлж ярьдаг. Жишээ нь Оросын эрдэмтэн Мальцевын үр тарианы тухай ном байгаа. Олж уншаарай. Түүнд тэгж, ингэж бичсэн гээд л хүнийг үр тарианы талаар мэдлэг мэргэжилтэй болгохыг эрмэлзэж байдаг. Бид анх зөвлөлгөөнд танилцаж байсан. Ширхэг тариа шижир алт шиг үнээр бий болдгийг мэдсэн, мэдэрсэн хүн дээ" гэж багшийнхаа ажил үйлсийн талаар дурсаж байна. "Номгоны хөрс үр тарианд маш хэцүү. Хөрсөндөө тохируулж техникээ бэлддэг. Ш.Мардаан баатар зурвасыг маш зөв тохируулдаг. Мөн техникийн талаар гойд мэдлэгтэй. Тариа будаа цасанд даруулахад иш өргөгчийг нарийн тохируулж хийн тариа будаагаа алдалгүй авдаг туршлага бол Ш.Мардааных" гэж олон жил Сэлэнгэ нутгийн хөдөө аж ахуйтай амьдралаа холбосон Г.Бадарч үнэлж байгаа юм. Ш.Мардаан баатартай ярилцаж суухад түүний амнаас экологижсон тариалан, нэвчиг болон дуслын усалгаатай систем гэх ор мэдэхгүй үгс сонсогдож байсан нь аргагүй газрын мэргэжилтэн хүн юм даа гэсэн бодол орж ирж байв. Тэрээр газар тариалангийн бүхэл бүтэн тайлбар толь. Түүний оюун ухаанд газар тариалангийн өнгөрсөн, одоо,ирээдүй байна.

Ш.Мардаан "Ирээдүйд газар тариаланд төр засгийн зүгээс эдийн засгийн орчинг нь сайжруулах хэрэгтэй"

-Мардаан гуай, бид бүхэн өнгөрсөн хугацаанд тариагаа яаж их ургуулах вэ гэж ярьдаг байсан бол одоо ургуулсан тариагаа яах вэ гэдэг асуудал гарч ирлээ. Та ямар бодолтой байна?
-Атар-50 аяны хүрээнд газар тариалан сэргэх хандлагатай болсон. Ер 300-450 мянган га-д тариалах зорилготой, манай улс. Цаашдаа Монгол Улс газар тариаланд ямар алхмаар явах ёстой юм бэ гэвэл хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалах, энгийн технологи нэвтрүүлэх, өртөг зардал бага шаардсан цомхтгосон техник технологиор тариалан эрхлэх шаардлагатай. Мөн бүтээгдэхүүн борлуулах асуудал хүндрэлтэй боллоо. Алийн болгон улс худалдаж авах вэ. Үүнийг хуулиар шийдвэрлэнэ. Гэхдээ эдийн засгийн аргаар. Нэгд, дотоодын улаан буудайг НӨАТ-аас чөлөөлөх, хоёрт, гаднаас гурил оруулах тухай асуудалд гааль, НӨАТ-тай болгох, гадны улаан буудайг тодорхой гааль НӨАТ-ын татварт оруулах, хэмжээ хязгаартай болгох хэрэгтэй. Ингэвэл дотоодын үр тариа, болон гурил үйлдвэрлэгчид зах зээлтэй болно. Харин улаан буудайн тонн тутамд урамшуулал олгож байгаа нь шударга урамшуулал. Хэн га-гаас их ургац авч чадаж байна, түүнийг нь урамшуулж байгаа учир тун зөв, эзнээ олсон урамшуулал гэж үзэж байна. Үүнээ дагаад хөрсөө хайрлах ухаан давхар явна.

-AТАР-50 аянаар бид ямар үр дүнд хүрэв ээ?
-Ер нь юм оновчтой зөв, бодлого мэргэн явбал үр дүнд хүрдэг. АТАР-50 аян мэргэн зөв болсон. Олон шинэ залуучууд, бизнес эрхлэгчид үр тарианы зах зээлд орж ирсэн. Мэргэжлийн боловсон хүчин нэмэгдэж байна. Энэ залуучууд цаашдаа сайжрах ёстой.

-Та экологижсон газар тариалан гэж ярих юм? Жаахан дэлгэрүүлээд хэлнэ үү?
-Ус ус. Дэлхий нийт шинжлэх ухааны ололт руугаа тэмүүлж явдаг. Газар тариаланд тооцоо судалгаа хийж гандалт хуурайшилтыг давах ёстой. 1990-ээд онд Монгол орны услалтын системийг судалсан тооцоо байдаг. Үүгээр бол Орхон, Хараа, Сэлэнгэ мөрний сав газраар 150-200 мянган га талбайг усжуулах бололцоотой гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс цааш боломжгүй. Услалтын системийг явуулахдаа технологийг нарийн баримтлах ёстой. Их хэмжээний усаар хөрс угаагдаж үржил шим, механик бүтэц алдагддаг. Хархорины САА-н Хятадын услалтын систем байгуулж амьдрал дээр харуулсан зүйл. Иймээс учраас экологижсон газар тариалан ирээдүйд чухал.

Баатрынх Номгон сумандаа андашгүй харагдах юм. Дүнхийсэн том, давхар байшин. Ороход гял цал, аргагүй ажил хөдөлмөрийн баатарынх ийм байдаг болов уу гэмээр. Ш.Мардаан баатрынх гурван агрономитой юм байна. Өөрөө агрономи, гэр бүлийн хүн Д.Ганцэцэг агрономи, хүү Хүдэржаргал нь ХААИС төгссөн, агрономи. Гэр бүлээрээ тариан талбайд ажиллаж яваа улс юм.

Гэр бүлийн хүн нь Номгон тосгоны үр тарианы Сорт сорилын эрхлэгч. Эднийх 4 хүүхэдтэй айл. Нэг хүү охин хоёр нь Германд сургууль соёл дүүргэжээ.

Харин отгон охин Золзаяа АУДС-ийг төгсөөд сумандаа ажиллаж байна. Ер нь Ш.Мардаан баатрыг их даруухан хүн гэх юм билээ. Энэ нь ч ярилцаж суухад мэдэгдэж байлаа. Түүний 30 жил ханилсан хань Д.Ганцэцэг "Би хүнд хөдөлмөрөөс илүү амьдрал чухал гэж бодож явдаг. Амьдралын чухлын төлөө ажиллаж хөдөлмөрлөж, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж чадсан хүн гэж нөхрийгөө үнэлдэг. Мөн ар гэрийн зэрэгцээ ажил хөдөлмөрийн амжилтанд хүрсэнд нь сэтгэл хангалуун баяртай явдаг" гэсэн юм. Номгон тосгон гэж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяанд байдаг. Эрдэнэт хот, Хөтөл тосгон руу явахад Дархан хотоос баруун урагш 40 км зайтай орших зам дагуу жижигхэн суурин газар бий. Энд газар тариаланчид амьдардаг.

Тэр тариаланчдаас хөдөлмөрийн баатар цолтон төрсөн нь тосгоны баяр бахархал. Жижиг суурингаас хөдөлмөрийн баатар төрнө гэдэг энэ нутгийнхан ажил хөдөлмөртөө жижигддэггүй харуулж байна. Энэ тосгон Сэлэнгэ аймгийн үр тарианы хоёрдогч том газар аж. Түүний шавь нараас газар тариаланд амжилттай зүтгэж яваа хүмүүс бол Номгон тосгоны "Цэгээн Хуст" ХХК-ийн захирал Д.Ганболд, Ерөөгийн Долот ХХК-ийн захирал Лхагвадорж Орхон аймгийн Ганзориг гээд олон шижигнэсэн залуучууд байна.

Баатрын маань ажил үйлс ундран, түмэн олондоо ажил хөдөлмөр, мэдлэг боловсролоо мөнхөд түгээн байх болтугай.

Ерөөл бат орштугай. Сэлэнгэ аймаг. 10.01.2010

Б.Пүрэврэнцэн