УРГАЦ ХУРААЛТАНД
АНХААРВАЛ ЗОХИХ АСУУДЛУУД
МУ-ын гавьяат агрономч, доктор (Sc), профессор Б.Дорж
Манай орны газар тариалангийн бүсүүдэд энэ жил дулааны улирлын цаг агаарын
нөхцөл харилцан адилгүй байлаа. Үр тарианы ургацын 60 гаруй хувийг өгдөг Төв бүс
болон буудай арвай тэжээлийн ургамлуудыг бага ч гэсэн тариалдаг баруун бүсэд 5, 6,
7 дугаар саруудад гантай, харин өндөр уулын бүслүүр ба зүүн бүсэд хэвийн
хэмжээний тунадастай байсан нь хураах ургацын хэмжээд бүхэлд нь сөрөг нөлөө
үзүүллээ. Миний мэдэж байгаагаар тариалангийн төв бүсэд 1961, 1972, 1987, 2001,
2002 гантай байж буудайн улсын дундаж ургац 5.0 ц/га, түүнээс доош орж байсан удаа
бий. Тэгэхдээ эдгээр жилүүдийн цаг агаарын нөхцлийг эргээд харахад 1961,1972 онууд
нь атар газрыг эзэмшээд удаагүй, тарилтын өмнөх ба дараах хөрс элдэншүүлэлт, үрийн
тарих үрийн норм, үр суулгах гүн, тарих хугацаа сайн судлагдаагүйгээс болж
технологийн зарим элементүүд дээр алдсан байж болох талтай. Мөн хоёр мянган он
гарснаас хойших эхний жилүүдэд газар тариалан хувийн салбарт шилжээд удаагүй,
тариалангийн компаниуд материалаг баазаар бэхжиж амжаагүй байсан учраас цаг
агаарын сөрөг нөлөөг бууруулж багасгаж чадаагүй бололтой. Харин энэ жил тавдугаар
сарын эхнээс найман сар дундаа ортол төвийн бүсэд бороо орсонгүй, өөрөөр хэлвэл
гантай үе ерээд хоног үргэлжиллээ. Ийм байдлыг агрономын шинжлэх ухаанд бүрэн
гандалт гэж нэрэлдэг. Тэгэхлээр манай газар тариалангийн төв бүс,түүний дотор
Төв,Сэлэнгэ аймагт бүрэн хэмжээний ган болж миний ойлголтоор гамшгийн хэмжээнд
хүрсэн байна. Улс орны эдийн засаг,хүнсний хангамж хүртэл яригдах энэ асуудлыг
яваандаа холбогдох мэргэжлийн ба төрийн байгууллагууд хянаж тодорхой дүгнэлт
гаргах биз дээ. Энэ гангийн нөлөө бэлчээр ургац муутай, хадлан огт гараагүй учраас
малчдад өвөлжилт их хүндэрнэ. Энэ үед зохих арга хэмжээ авах бэлтгэлтэй байх
хэрэгтэй. Би жар гаруй жил ургацын талбайд явахдаа төмсийг манай орны хөрс цаг
агаарын нөхцөлд тохирсон ганц таримал гэдэгт бат итгэгдэг байсан, гэтэл саяхан
Борнуурын талбайд хуурай хөрсөнд тарьсан булцуу өөрийнхөө чийгээр цагаан соёо
гарсан ч иш навч үүсгэж чадалгүй хальс нь хоосорсон байх юм. Тэгэхлээр ургалтын
хугацааг бүхэлд нь хамарсан ганг тэсэх ургамал байх боломжгүй юм байна.
ХХХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгийн сонинд өгсөн
ярилцлагаас үзвэл энэ намар буудай 255.5 мянга,төмс 88.3 мянга, хүнсний ногоо 164.1
мянга, тосны ургамал 40.0 мянга, малын тэжээл 100.5 мянган тонныг хурааж авах
тооцоо гарсан байна. Энэ бол аймаг сумуудад мэргэжлийн хүмүүс явж талбай дээр нь
тоолж гаргасан бололтой хэмжээ байж таарна. Харин үүнийг хаягдал үрэгдэл багатай
хурааж авах хэрэгтэй. Тарианы (буудайн) иш гурваас илүүгүй үе зайдамтай голдуу
намхан 30-аад сантиметр өндөр бөгөөд шингэн (нэгэж талбай дахь түрүүтэй ишний тоо
цөөхөн) байгаа болохоор хураалтыг шуудаар хийж таарна. Ийм учраас хадалтыг маш
доогуур тавих шаардлага гарна. Энэ бол их төвөгтэй, ялангуяа тарилтын өмнө булдаж
тэгшилгээ хийгээгүй талбайд хаягдал эрс ихсэхийн зэрэгцээгээр техникийн эвдрэл
саатал гарч хураалтын хугацааг сунжруулдаг. Энэ бүхний уршигаар үргүй зардал
ихэсдэг байна.
Мөн сүүлийн өдүүдэд ( 8-р сарын 15-аас хойш ) хэд хэдэн удаа усархаг бороо орсон
боловч халуун өдрүүд үргэлжилсээр байгаа нь тарианы болцыг удаашруулахын
зэрэгцээгээр дороос нь хэнз түрүү үүсэж үтрэмд жигд биш болцтой тариа буудаг.
Ингэснээр үтрэмд буусан тариа маань халж таваарын будааны чанар муудах, хөрөнгө
ихээр зарцуулах (ирэх хавар тарих үр ) будааны соёололт буурах гэх мэтээр цааш
цаашдын ажилд учруулах хохирол хөнөөл нь ихэснэ.
Ийм учраас үтрэмд буусан будааг заавал тэр өдөртөө багтааж цэвэрлэх бэлтгэлтэй
байх хэрэгтэй. Ер нь ийм нөхцөлд үтрэмийн ажил их хүндэрдэг, 1987 онд будааны
нуруу болгоны дотуур шүүрэн нүхтэй хоолой тавьж сэнсээр салхилуулж хатаасан түүх
бий.
Эцэст нь хэлэхэд уур амьсгалын хувьсал эрчимтэй явагдаж буй өнөөгийн нөхцөлд
хөрс, ургамалтай харьцах ажлыг чанарын өндөр түвшинд хүргэж хийх явдал улам
чухал болж байна.
Хэрэв хураалтыг зохих хугацаанд чанартай хийхгүй бол ургацын нийт дүн тогтоосон
хэмжээндээ (дээр бичигдсэн) хүрэхгүй, ялангуяа дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг
буудай, төмсний ургацыг тэр хэмжээнд хүргэж хураахад талбайд болон үтрэмийн
цэвэрлэгээ, сортлох ажлыг цаг хугацаа алдалгүй чанартай хийхгүй бол нийт ургацын
дүн тогтоосон хэмжээнд хүрэхгүй болно гэдгийг анхаарвал зохино .
Намхан шингэн тариаг хураахад мотовилийн тохиргоо чухал үүрэг гүйцэтгэдэг,
харахад энгийн боловч нарийн ажиллагаатай оньс (механизм) юм. Тарианы иш
хөрөөний ирэнд хяргагдах тэрхэн агшинд түрүүг цохиж налуулан хадуурын шал төмөр
дээр унагадаг. Ингэж унасан түрүүний толгой (үзүүр) нь комбайны эх бие рүү чиглэж
унасан байх ёстой. Гэхдээ түрүү ч биш 20 см-ээс богиногүй иштэй байж налуу руу
очихоор тохируулгыг хийдэг. Намхан сийрэг тариаг хураахад ердийн тохируулгатай
мотовил ашиглавал 3 янзын хорогдол гардаг. Үүнд :
-хадуурын ирнээс намхан түрүү босоогоороо үлдэж талбайд хаягддаг
-хэт богино иштэй түрүү хадуурын хөрөөнд хяргагдмагц шал төмөр дээр унасан ч
налуу руу хамагдалгүй тэндээ овоордог.
- сийрэг ургасан босоо тарианы ишийг хяргах биш самнаад өнгөрөх байдлаар
хаягдана. Эдгээр хаягдлуудыг багасгахад дээр хэлснээр хадалтыг аль болох доогуур
хийхээс гадна мотовилийн банзыг туяа модны үзүүр чигт ойртуулах шаардлага гардаг.
Ийм учраас хуучирч хэрэггүй болсон өргөн ременийг банзны оронд бэхлэж босоо
байгаа намхан түрүүг хадах ба шал төмөр дээр овоорсон богино иштэй түрүүг налуу
руу түлхэж ойртуулж өгдөг. Мөн цайруулах аппаратны барабан декний хоорондох зайг
үр хаягдах юмуу няцрахгүй байхаар тохируулна. Эдгээрээс гадна салхин сэнсний
үлээлтийн хүч, шигшүүрийн хэмжээ, комбайны хурдыг ургацын байдалд тохируулах
шаардлага ч гардаг. Энэ бүгд нийлж байж тухайн нөхцөлд бий болсон ургацыг бүрэн
гүйцэд хураан авна.