АГРОНОМЧДЫН ХОЛБООНЫ 2019 ОНЫ ШИЛДЭГ АГРОНОМЧ

30-12-2019, 22:11

АГРОНОМЧДЫН ХОЛБООНЫ 2019 ОНЫ ШИЛДЭГ АГРОНОМЧШагшаа буудай овогт Махбалын Тэрбиш нь 1961 оны 12-р сарын 29-нд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Таван толгой хэмээх газарт малчин ард Махбалын ууган хүү болон мэндэлжээ.Тэрээр бага насаа эцэг, эхийн гар дээр мал маллан өнгөрүүлж 1969-1972 онд Таван толгой бригадын бага сургууль, 1972-1977 онд Дөрвөлжин сумын 8-н жилийн дунд сургууль, 1977-1979 онд ЗХУ (хуучин нэрээр) –ын Украйн улсад ХАА-н техник мэргэжлийн сургууль төгсч тракторч, комбайнчийн мэргэжил эзэмшин улмаар ажиллаж байх хугацаандаа 1980-1982 онд Улаанбаатар хотын ХААДС-ийг агрономч мэргэжлээр эчнээгээр төгсч бүрэн дунд болон дээд боловсролтой болсон байна.

М. Тэрбиш нь 1979-1983 онд Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын Найрамдал САА-н үр тарианы 4-р бригадын 1-р салааг хамт төгсөж ирсэн ангийн хэсэг нөхдийн хамт шинээр зохион байгуулж, салааны ахлагч бөгөөд тракторч- комбайнчаар 4 жил ажиллаад тэр үеийн нам, төр захиргааны байгууллагын шийдвэрээр 1983-1985 онд Согоочийн 1-р салааны тоо бүртгэгч, 1985-1987 онд үр тарианы 6-р бригадын дарга, 1987-1989 онд Чандагатайн үтрэмийн эрхлэгч, 1989-1991 онд Сайхан толгойн хэсгийн агрономчоор тус тус томилогдон дэвшин ажилласан нь газар тариалангийн үйлдвэрлэлийн анхан шатны нэгжийн бүх салбарт ажиллан үйл ажиллагаанд нь биечлэн оролцсон бэлтгэгдсэн боловсон хүчний нэг юм.

Энэ бүх хугацаанд тэрээр анх эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу техник хариуцаж, төлөвлөгөө нормоо биелүүлэх, хамт олныг удирдах, үлгэрлэн манлайлахаас эхлээд хүнтэй ажиллах арга барил эзэмших, ахмад үеэсээ суралцахаас гадна ирээдүйд эзэмших мэргэжлийнхээ дагуу ахин дэвшиж байсан ажлууддаа хамт олныг бүрдүүлэх, салаа, бригад үтрэмийг шинэ газарт төвхнүүлэх, анхан шатны нэгжийн ажлыг сайжруулах зэргээр удирдлагаас итгэл хүлээлгэж даалгасан ажлуудыг цаг тухайд нь гүйцэтгэхийн төлөө хүчин зүтгэж үр дүнд хүрч байв. Үүний дүнд 1983, 1985 онд Согоочийн 1-р салаа, 1988 онд Чандганатайн үтрэм "Улсын аварга”-аар, 1986 онд 6-р бригад "Аймгийн аварга”- аар шалгарч байв.

М. Тэрбиш нь 1991 онд өмч хувьчлалаар Найрамдал САА задарч хувьцаат болон хувийн хэвшлийн аж ахуйнууд бий болж байсан, төрд ажиллах боловсон хүчин олдохгүй бүгд компани бараадаж байсан эгзэгтэй хүнд жилүүдэд буюу 1991-1998 онд сумын ЗДТГ-т Байгаль орчны хяналтын байцаагч, сумын ерөнхий агрономч-газар зохион байгуулагчийн ажлуудыг хавсран гүйцэтгэж, шинээр гарч байсан байгаль орчны болон бусад хууль тогтоомжуудыг сурталчлах, хэрэгжүүлэх ажлуудыг зохион байгуулах, суманд байгуулагдсан хувьцаат компаниудын хувьцаа түүний ноогдол ашгийн хуваарилалт, өмч хувьчлалын бодлогыг орон нутагт ашигтайгаар явуулах талд өөрийн байр суурийг баримталж нөлөөлж ирсний дүнд орон нутаг дахь газар тариалангийн бодлогын хэрэгжилтээр тус сум нь одоо хүртэл тогтвортой явж ирсэн байдаг. Мөн газрын асуудлаар эзэмшилт, ашиглалтын цэгцтэй бодлого явуулж байснаар нэг ч га газрыг ашиглалтгүй байлгаж байгаагүй, ашиглалтын коэффициент өндөртэй байж, хөрсний үржил шимийг хадгалан улмаар сайжруулснаар олон жил тогтвортой өндөр ургац авч олон арван хөдөлмөрийн баатар, гавъяат, тэргүүний хамт олон, сайчууд төрөн гарсаар байгаа билээ.

М. Тэрбиш нь 1998-2001 онд "Сэлэнгэ Найрамдал” ХХК, 2001-2007 онд "Атар трейд” ХХК, 2007 оноос "Товхон хан” ХХК-д агрономчоор 20 шахам жил үйлдвэрлэлд тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд газар тариалангийн үйлдвэрлэлд 2000-аад оны үеийн ган тохиож газар тариалангийн үйлдвэрлэлийн уналтын жилүүд, 2008 оны Атрын 3-р аян зарласан сэргэн мандалтын жилүүд, 2015 оны гангийн жилүүд гэх мэт сайнтай, муутай хүнд үеүд байсан ч мэргэжлийн хүний хувьд цаг уурын ямар ч нөхцөлд байсан мэргэжлийн ур чадвараа гарган, дэвшилтэт техник технологийг ашиглан агротехнологийн заавал мөрдөх дүрмүүдийг ягштал хэрэгжүүлж ажиллахад хүний хүчин зүйлийн үүргийг өндөрсгөж ажилласнаар тодорхой үр дүнд хүрч 2004 онд "Атар трейд” ХХК анх удаагаа, 2007, 2009, 2013, 2015, 2017 онуудад Товхон хан ХХК 3-6 дахь удаагаа "Улсын тэргүүний тариаланч хамт олон” – ны алдрыг хүртсэн нь түүний мэргэжлийн үүргээ хэрхэн хангасныг илтгэдэг.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг, хөдөлмөрийн хамт олон нь өндрөөр үнэлж "Алтан гадас” одон, "ХХАА-н тэргүүний ажилтан” цол тэмдэг, Ардын хувьсгалын ойн медалиуд, Атар 50 жил медаль, "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдэг, сумын аварга мэргэжилтэн, байгууллагын аваргаар 2 удаа тус тус шагнагджээ. Мөн М. Тэрбиш нь мэргэжлийн дээд цол болох "Монгол улсын зөвлөх агрономч” зэрэгтэй агрономч юм.

Ийнхүү М. Тэрбиш нь Монголын газар тариалангийн үйлдвэрлэлд жирийн тракторчноос улсын агрономч хүртэлх ажлыг хөдөө орон нутагт үйлдвэрлэлийн талбарт 40 шахам жил гүйцэтгэхдээ алдаандаа суралцаж, ололт амжилтандаа урамшиж, сүүлийн үеийн техник, технологийн дэвшлийг шинжлэх ухаан, үйлдвэрлэлд хослуулан ашиглаж үр дүнд хүрэхийн тулд хүичн зүтгэж, залуу үеэ бэлтгэхэд бие сэтгэлээ зориулж яваа ахмад мэргэжилтэн билээ.

 

АГРОНОМЧДЫН ХОЛБООНЫ 2019 ОНЫ ШИЛДЭГ АГРОНОМЧ

 Холбооны тэргүүн Б.Амарсанаа, 2019 оны шилдэг агрономчоор Товхон Хан ххк-ийн агрономч М.Тэрбиш

 

2019 оны шилдэгээр шалгарсан агрономч М.Тэрбиш ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Агрономын ангийн оюутнууд болон багш нартай уулзалт хийж өөрийн баялаг туршлагаасаа хуваалцлаа.

 

АГРОНОМЧДЫН ХОЛБООНЫ 2019 ОНЫ ШИЛДЭГ АГРОНОМЧ

 

 Товхон Хан ххк-ийн агрономч М.Тэрбиш оюутнуудтай хийсэн уулзалт

АГРОНОМЧДЫН ХОЛБООНЫ 2019 ОНЫ ШИЛДЭГ АГРОНОМЧ

 Товхон Хан ххк-ийн агрономч М.Тэрбиш оюутнуудтай хийсэн уулзалт