ТАРИМАЛ УРГАМАЛД ТЭЖЭЭЛ ӨГӨХГҮЙ БОЛ ЧАНАРТАЙ АРВИН УРГАЦ ХУРААЖ АВЧ ЧАДАХГҮЙ МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ БАГШ

4-01-2018, 20:26

МУ-ЫН ЗӨВЛӨХ АГРОНОМЧ-АГРОХИМИЧ, ДОКТОР, ПРОФЕССОР А.ЧОЙЖАМЦ

ТАРИМАЛ УРГАМАЛД ТЭЖЭЭЛ ӨГӨХГҮЙ БОЛ  ЧАНАРТАЙ АРВИН УРГАЦ ХУРААЖ АВЧ ЧАДАХГҮЙ  МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ БАГШ

Хүн төрөлхтөн эрт үеэс тарьсан таримлаа бордож ургац авсаар ирсэн түүхтэй билээ. Эртний тариачид төрөл бүрийн аргаар таримлаа бордож байжээ. Үүнд замаг, загас, ургамлын үлдэгдэл, амьтны сэг зэм, яс хүртэл тухайн үед бордоо болдог байжээ. Энэ нь ургамал тэжээл хэрэглэдэг гэдгийг ойлгосон хэрэг. Нөгөө талаар хөрсөө сульдааж ядууруулахгүйг хичээдэг хэрэг. Манай оронд малын бууц маш их гарч байгаль орчиныг бохирдуулж байна. Үүнийг тусгай аргаар боловсруулахад л маш үнэт бордооны түүхий эд гарч байгаа юм.

Аль ч нам, эвсэл засаг төрийн эрхэнд гарлаа ч ХАА-н асуудлыг орхигдуулж болохгүй билээ. Гэдэс цатгалан ард түмэн юуг ч бүтээж чадна. Ард түмнээ ХАА-н үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр л тэжээдэг. ХАА-н хөгжлийг шинэ, эрчимжсэн, орчин үеийн түвшинд хүргэх хэрэгтэй байна.

Тариалангийн үйлдвэрлэлд агротехнологийн хувьд нь шинэчлэл хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Техникийн шинэчлэлийн хувьд зарим компаниуд амжилттай ажиллаж дэлхийн түвшинд ойртож техникийн хангамж сайжирч байна. Өндөр хүчин чадалтай техникт тохирсон хураан авах ургац бүрэлдэхгүй байгаа нь чамлалттай. Иймд хөрсөө бордож, үржил шимийг нь тэтгэн сайжруулах, ургамлаа тэжээлийн бодисоор бүрэн хангах талд ихээхэн учир дутагдалтай явсаар ирлээ. Тариаланчид хөрсний үржил шим муудаж байна, цаг уурын эрсдэл их байна, бордоог тогтвортой хэрэглэмээр байна гээд л саналаа дэвшүүлсээр байдаг билээ.

Төрийн эрх авсан нам, шинэ засгийн газар мөрийн хөтөлбөртөө тариалангийн хөгжлийг эрчимжүүлж, Атрын 3-р аяныг үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэж амалсан байгаа. Үүнд зөвхөн техникийн шинэчлэлийн хувьд анхаарал хандуулаад байж болохгүй. Одоо нэн тулгамдаад байгаа агротехнологийн шинэчлэлд анхаарч хөрсний үржил шимийг сайжруулах, таримлын тогтвортой арвин ургац авахын тулд таримлын ээлжлэн тариалах системийг боловсронгуй болгох, төрөл бүрийн бордоо хэрэглэх, бордох аргыг төгөлдөржүүлж шинжлэх ухааны үндэстэй ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Салбарын эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагатай нягт холбоотой ажиллаж, тэдний заавар, зөвлөмжийг ашиглаж зүй зохистой ажиллах нь чухал. Ямар ч салбар шинжлэх ухаанд тулгуурлаж байж хөгждөг жамтай.

"Тариалангийн тогтвортой хөгжлийн тулгуур үндэс нь сортын үр, бордоо, усалгаа, ургамал хамгаалах бодис, техникжилт байх ёстой”. Монгол орон бордоог 56 жил гадаадаас нийлүүлж ирлээ. Гэтэл бордооны түүхий эд Монгол оронд байна. Байхдаа зарим орд нь дэлхийд 10-т багтах нөөцтэй. Энэ нь геологи хайгуул хийгдээд нөөц нь тогтоогдсон, монгол эрдэмтний бүтээл зах зээлд орохгүй байна. Ер нь шинийг бодож сэтгэх хэрэгтэй юм бишүү.

Би нэгэн улсын жишээг энд өгүүлье. Зөвлөлт Холбоот улс задарч бүрэлдүүнд нь байсан олон улс тусгаар болон салсан түүхийг бид мэднэ. Түүний нэг нь Белорусь улс билээ. Белорусь улс эдийн засгийн хувьд маш хүнд байдалд орсон байна. Ерөнхийлөгч нь нэгэн зүйлд анхаарал хандуулсан бөгөөд энэ нь "Белорусь поташ” компани байв. Белорусь улс нь калийн бордооны түүхий эдийн ихээхэн нөөцтэй тул түүнийгээ түшиглэн эдийн засгаа өөд татсан аж. Одоо Белорусь улс жилдээ 10 сая гаруй тонн калийн бордоо үйлдвэрлэж байгаа бөгөөд 8-9 сая тонныг нь Хятад улсад экспортлож, 1 сая тонныг нь Азийн Индонези, Филлипин гэх мэт орнуудад болон Африк, Өмнөд Америкт экспортлож энэ нь Белорусь улсын төсвийн ихээхэн хувийг эзлэх болсон тухай "Белорусь поташ” компаний мэргэжилтэн манайд айлчлахдаа ярьсан юм.

Манай улс ч энэ туршлагыг ашиглах бололцоотой. Монгол улс дэлхийд тооцогдох фосфоритын асар их нөөцтэй орон. Фосфорын бордооны үйлдвэр хөгжүүлэх бүрэн боломжтой. Би дээр өгүүлсэнчлэн фосфоритын ордын геологи хайгуул хийгдэж нөөц нь тогтоогдсон, монгол эрдэмтний бүтээл байна. Бордоогоо үйлдвэрлэж хөрсний үржил шимээ дээшүүлж, хамгаалах бүрэн боломжтой. Бусад ашигт малтмалууд (алт, зэс, нүүрс гэх мэт) хөрснөөсөө ялгаж аваад л хоосруулж байхад бордоо нь тариалангийн хөрсийг тэжээлээр хангаад ашигтай байх зүйл юм. Үүнийг байгаль орчныг тоосжуулан бохирдуулна гэж болгоомжилдог ч орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан хүрээлэн буй орчныг бохирдуулахгүй арга байгаа гэдгийг манай эрдэмтэд нотолсон билээ. Манай орны фосфорын бордооны түүхий эд болох фосфоритын чулуулаг Хөвсгөл, Завхан аймагт байгаа бөгөөд одоогоор тогтоогдсон нийт нөөц нь 5-6 тэрбум тонн аж. Фосфоритын чулуулаг, зэсийн үйлдвэрээс гарах хүхрийн хүчил 2 нийлэхэд л суперфосфатын бордоо бий болно.

Калийн бордооны түүхий эд нь сильвинит, карналит, каинит зэрэг эрдэс чулуулаг байдаг бөгөөд манай оронд калийн бордооны түүхий эдийн орд байх илрэлүүдийг монгол эрдэмтэд тэмдэглэсэн байдаг юм.

Түүнээс гадна гөлтгөнө (гипс), шохой, цеолит, доломит, перлит, вермикулит зэрэг бордооны дагалт түүхий эдүүд манай оронд элбэг байна. Барилгын чиглэлээр олборлон ашиглаж байна. Хот суурин газрын бохирын хаягдал, ясны гурил ч гэж байна.

Монгол улс фосфор, калийн бордооны үйлдвэр байгуулан ашиглаад зогсохгүй, экспортлогч орон болох маш өргөн боломж байгааг та эндээс ойлгож байгаа байх. Шинийг эрэлхийлэгчид бизнесийн ийм цонх байгааг анхаарах бизээ. Тариалангийн салбарыг дэмжсэн олон жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх ихээхэн боломж байна даа. Хөрсөнд үр суулгаад л ургац хураагаад авдаг гэдэг хоцрогдсон, бүдүүлэг ойлголтоосоо ХХI зуунд салах цаг болсон.

Бордоог хэрэглэхэд зөвхөн ургамлын тэжээл болоод зогсохгүй хөрсийг бүтцэрхэг, үржил шимтэй болгож салхи, усны элэгдэлд тэсвэржүүлж, хөрсний чийг хадгалан барих чадвар сайжирч, хөрсөн дэх микробиологийн процесс идэвхижин, ургамлын үндэс тэжээлийн бодисоо шингээх чадвар дээшилдэг зэрэг олон дагавар нөхцлүүд бүрэлдэн тогтдог.

Дэлхий даяар фосфор, калийн бордооны түүхий эд багасч хомсдол үүсэх тухай мэдээлэл байдаг. Үүнээс улбаалж бордоо үйлдвэрлэгч орнууд бордооны үнийг өсгөх хандлагатай болоод байгаа ч байж мэдэх юм.

Эдгээр баримтуудаас үзэхэд дотооддоо фосфор, калийн бордооны үйлдвэрлэлийн суурийг тавьж хөгжүүлэх бүрэн боломж байгаа юм. Харин азотын бордоог л гадаадаас авахаас аргагүй бөгөөд энэ нь жинхэнэ химийн хүнд үйлдвэр байдаг. Гэхдээ аж үйлдвэрийн парк байгуулна гэж үе үеийн засгийн газар ярьсаар л байдаг. Энэ мөрөөдөл нь биелвэл азотын бордоо ч үйлдвэрлэгдэх байх.

Өөрийн орны хөрсний онцлог, агрохимийн шинжилгээний дүнд тулгуурласан шинжлэх ухааны үндэстэй бордоог хэрэглэх ёстой. Мөн үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, тэжээлийн таримал бүр физиологи, биологийн онцлогоос хамаарч тэжээлийн бодисын өөр өөр найрлагатай бордоог хэрэглэх шаардлага байдаг. Эдгээр шаардлагыг эрдэмтэд судлан тогтоож бордооны үйлдвэр тийм бордоог үйлдвэрлэж нийлүүлэх хэрэгтэй болно. Үүнээс үзэхэд эх орны бордооны үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлвэл хөрсний үржил шимээ тэтгэж, тариачид, ногоочид, жимсчиддээ буян болно. Ургац арвижсанаар ашиг орлого нь ч нэмэгдэнэ. Эх орны тариалангийн хөрсөндөө ч бас буян болох билээ.

Одоогийн төрийн эрхэнд гарсан нам газар тариаланг эрчимтэй хөгжүүлж шинэ дэвшил гаргана гэсэн мөрийн хөтөлбөртөө зөвхөн усалгаатай талбайг нэмэгдүүлнэ гэж заасан байна лээ. Энэ бол учир дутагдалтай. Дээр би хэлсэн техник рүү анхаараад өнгөрдөг шүү гэж. Хөрс, ургамал 2-ыг онц анхааралгүй явж ирсэн. Буудайн цавуулаг муугаас гурил, талх, нарийн боовны үйлдвэрт үр нь гологдоод тариачид, гурил үйлдвэрлэгчид маргалдаад эхэлдэг. Бүгдээрээ л тоть шиг ам уралдан цавуулаг муугаас боллоо гэдэг. Яагаад цавуулаг муу байна гэдэг дээр ажилладаггүй.

Атрын 3-р аяны нөлөөгөөр газар тариалан жаахан сэргэсэн. Техникийн шинэчлэл нилээд хийсэн. Дараагийн чухал дэвшил бол улс дотооддоо бордоогоо үйлдвэрлэх явдал. Эх орондоо бордооны үйлдвэртэй байх нь газар тариалангийн тогтвортой хөгжилд нэгэн дэвшил болно. Манай оронд бордооны хэдэн төрлийн үйлдвэрлэл явагдаж байна. Улаанбаатарт биоялзмагийн бордоо, гумины бордоо, Сэлэнгэ, Дарханд бактерийн бордоо үйлдвэрлэгдэж байна. Эдгээр нь хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй. Нийлмэл бордооны үйлдвэрүүдийн суурь тавигдаж байгаа нь нэгэн шинэ дэвшил юм. Гэхдээ эдгээрийг өлгийдөн авч бойжуулж, тогтвортой ажиллагаатай болгон хөгжүүлэх гэдэг чухал асуудал билээ.

 

Төрөл бүрийн найрлагатай бордоо үйлдвэрлэх технологийн шугам

 

 

 

 

 

 

 

 

 

Манайд үндсэн органик, эрдэс бордооны үйлдвэр хөгжүүлэх шаардлага, хэрэгцээ их байдаг. Миний бие олон арван жил хөрс, агрохимийн чиглэлээр хичээл зааж, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж мэргэжсэн эрдэмтний хувьд өөрийн судалгаанд тулгуурлан Шинжлэх ухаан технологийн "Экологийн цэвэр бордоо үйлдвэрлэх” сэдэвт инновацийн төсөл хэрэгжүүлэн судалж бордоо үйлдвэрлэх аргыг боловсруулсан юм. Энэ судалгааны ажилд тулгуурлан 2016 онд Төв аймгийн Баянчандмань суманд "Экологид ээлтэй органик ба эрдэс үрлэн бордооны үйлдвэр” байгуулагдаад байна (үйлдвэрийн зураг). Энэ үйлдвэр нь хүчин чадалдаа хүрч ажиллавал жилдээ 20.0-30.0 мянган тонн органик ба эрдэс үрлэн төрөл бүрийн бордоог шинжлэх ухааны үндэстэй үйлдвэрлэх орчин үеийн технологийн шугамтай боллоо. Энэ бол тариалангийн хөгжилд маш чухал шинэлэг дэвшил гэж үзэх ёстой бөгөөд улсад нэгэн шинэ үйлдвэр бий болоод байгаа юм. Одоогийн байдлаар хөрөнгө мөнгөний асуудалтай тулгараад байгаа бөгөөд төрөөс дэмжлэг авснаар тогтвортой ажиллах бүрэн боломжтой төдийгүй цаашид ч өргөжүүлэн хөгжүүлэх суурь тавигдаад байна. Эх орны нийт тариаланчид ч дотоодын бордооны үйлдвэрлэлээ дэмжин үйлдвэрийн цаашдын хөгжил, тогтвортой ажиллагаанд нэмэр хандиваа өгнө байх гэж найдаж байна. Манай үйлдвэр бордооны түүхий эдээ малын бууц, шувууны сангасаа дотоодоос хангаж харин эрдэс бордооны түүхий эд болох азот, фосфорыг Хятад улсаас, калийг Белорусь улсаас авч байна. Орос улсын бордоо Москвагаас хамааралтай, үнэ ихтэй байна. Белорусь улсын "Белорусь поташ” компанитай цаашид ч хамтран ажиллах боломжтой болсон. Миний дээр дурьдсан жишээ ийм учиртай. Монголын газар тариаланд жилдээ 140.0-200.0 мянган тонн бордоо хэрэглэх шаардлага байдаг.

Монголын газар тариаланд бордоог шинжлэх ухааны үндэстэй хэрэглэж сурах хэрэгтэй байна. Хавар болохоор л борддог гэсэн ойлголтоосоо салмаар байна. Бордох ажлыг үндсэн бордолт (уринш, намрын хагалгаанд бордох нормын 75 %-ийг), тарилтын үеийн бордолт, нэмэлт бордолт гэж зохицуулдаг шинжлэх ухааны ном байдаг. Дэлхийн улс орнууд ингэж хэрэгжүүлдэг. ФАО-гийн мэдээгээр Дэлхийд 2015 онд 187.9 сая т эрдэс бордоо (NPK) хэрэглэж, 2018/2019 онд 200.2 сая т бордоо (NPK) (үйлчлэх бодисоор) хэрэглэх гэж байна. Хөгжилтэй орнууд болох Голланд га-д 758 кг (NPK), Япон 430 кг, Герман 423 кг, Франц 269 кг үйлчлэх бодисоор бордож байна. Буудайн ургац 4.9-5.2 т/га, төмс 29.4-33.8 т/га дундаж ургац хураан авч байна.

Дэлхийн улс орнуудаас 40 гаруй орон өөртөө бордооны үйлдвэргүйгээс таримлын ургац нэмэгдэхгүй, хүнсний хангамжид муугаар нөлөөлж байна гэж НҮБ-ын ФАО-гийн мэдээнд байдаг бөгөөд түүний нэг нь Монгол улс зүй ёсоор тооцогдож байгаа юм. Тэгвэл энэ үйлдвэр тогтвортой ажилласнаар энэ орнуудаас хасагдаж ФАО-д мэдээллээ өгч байх боломж гарах юм.

Зохих мэргэжсэн сургалтыг төрийн байгууллага болоод их дээд сургууль зохион байгуулж агрономч мэргэжилтэн нарт бордоог шинжлэх ухааны үндэстэй хэрэглэх онолын мэдлэг олгох шаардлагатай. Энэ бордоог яаж хэрэглэх вэ гээд л утсаар асуудаг хэвшил тогтоод байгааг болих хэрэгтэй.

Эх орондоо үйлдвэрлэж байгаа бордоог шинжлэх ухааны үндэстэй хэрэглэх асуудлыг эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд судлан тогтоож үйлдвэрлэлд зөвлөж байх юм. Шинэ бордоонуудыг Монгол орны газар тариалангийн бүсүүдээр, мөн төрөл бүрийн хөрсөнд ямар таримал тарихад хичнээн нормоор бордож хэрэглэвэл зохистой талаар судалгааны өргөн ажил хийгдэх ёстой. Эрдэм шинжилгээний байгууллагын өмнө тулгарч буй судалгааны шинэ төрөл болно. Дэлхийд хөрсний үржил шим, таримлыг бордох талын судалгаа тогтмол гүйцэтгэж байдаг 200-300 жилийн түүхтэй суурин судалгааны талбай Голланд, Герман, Англи, ОХУ-д одоо ч ажиллаж байна. Манайд эрдэм шинжилгээний байгууллагад хөрс-агрохимийн сектор байгуулж ажиллах цаг болжээ. Яаманд ч хөрс хамгаалах асуудлыг хариуцсан алба байгуулахад ч гэмгүй. Урьд нь ийм алба салбарын яамны харъяанд ажиллаж байсан юм.

Мэргэжлийн бус хүмүүсийн яриагаар химийн бордоо гэж ад үзэн мэдэмхийрэгчдийн үгийг мэргэжлийн яам, салбарын мэргэжилтнүүд сайрхан ярихыг би таашаахгүй байна. Ногоон ургамал химийн төрөл бүрийн эрдэс бодисуудыг шингээж органик бодисыг нийлэгжүүлэн бий болгодог юм. Дэлхий дээр ногоон ургамал нь химийн эрдэс бодисуудыг нийлэгжүүлэн органик бодисуудыг бүтээдэг цорын ганц фабрик билээ. Хими хэрэглэхгүй бол таньд амьдрал байхгүй гэдгийг ойлгоорой. Гагцхүү тохиромжтой хэмжээгээр зөв хэрэглэвэл таны эрүүл мэндэд тустай.

Тариачид өдөр тутам хөрс, ургамалтайгаа харьцан ажиллаж байдаг маш их ажиглалт, судалгаа хийж байдаг, асар их мэдлэг, ажлын дадлага туршлагатай хүмүүс учраас хөрсний үржил шимийн бууралтыг сайн мэдэрч, таримлын ургацаа чанартай, арвин байх талаар сэтгэл зовж, таримлаа зөв сэлгэх, хөрсөө бордох талаар асуудал ихээр дэвшүүлж байгааг цаашид төр засгаас анхаарна бизээ. Сүүлийн хоёр жил "Гарааны Монгол Экологийн Бордоо” компанийн үйлдвэрлэсэн бордоог хэрэглэсэн тариалангийн компани, иргэд сэтгэл ханамжтай байгаа бөгөөд эх орны бордоо сайн үр дүн өгч байгаа талаар мэдээ өгч байна. Эцэст нь хэлэхэд "Олон зуун жилийн туршид дэлхийн эрдэмтдийн судлан бүтээсэн хөрсний зохиомол үржил шимийг бордоо гэнэ” гэж тодорхойлсныг үндэс болгох хэрэгтэй юм.

 
Эх сурвалж: "Монгол агрономч сэтгүүл" 2-р дугаар