ҮР ТАРИА ХУРААХ ҮЕД УРГАЦЫН ХАЯГДАЛ ГАРАХ ШАЛТГААН, ТЭДГЭЭРИЙГ АРИЛГАХ АРГА ЗАМ

9-09-2025, 17:16

ҮР ТАРИА ХУРААХ ҮЕД УРГАЦЫН ХАЯГДАЛ ГАРАХ ШАЛТГААН, ТЭДГЭЭРИЙГ АРИЛГАХ АРГА ЗАМ
 
Доктор (Sc), профессор Ч.Бямбадорж, доктор Б.Отгонхуяг, ХААИС
ҮР ТАРИА ХУРААХ ҮЕД УРГАЦЫН ХАЯГДАЛ ГАРАХ ШАЛТГААН, ТЭДГЭЭРИЙГ АРИЛГАХ АРГА ЗАМ
Үр тарианы үйлдвэрлэл нь хатуу тогтоогдсон хугацаанд тодорхой эрэмбэ дараатай, технологийн нарийн шаардлага дор явагддаг боловч зөрчсөн тохиолдол бүрд ургац хаягдах юм уу, эсвэл үрийн чанар нь буурч байдаг. Энэ жилийн хувьд голлох нутгаар гандуу байснаас ургац тачир, зарим газраа алаг болцтой байгаа нь тариаланчдаас нилээд ур чадвар шаардаж байна. Ер нь нэг гектар талбайд нэг ч үр хаяхгүй хураана гэж байхгүй. Манай орны нөхцөлд 1 кв.м. талбай тутамд нэг ширхэг түрүү хаяхад нэг га-д 8-10 кг будаа хаядаг. Тийм болохоор агротехникийн хугацаанд, хамгийн сайн тохируулсан техникээр, тариа хураах үед гарч болох зөвшөөрөгдөх хаягдал буюу бидний одоо хэрэглэж байгаа техник, технологийн хоцрогдлын улмаас бага ч гэсэн тариа будаа байнга хаягддаг. Жишээлбэл, хураалтын үеийн нөхцөлөөс хамаарч цайруулах ангиас гарах будааны хаягдал хүрдэт цайруулах аппараттай Вектор 410 комбайнд талбайн ургацын 1.5%, Сампо 2065, Джон Дир W210, СН 647 С зэрэг комбайнд 1%, роторт CASE IH комбайнд 0.5-0.8% хүрнэ. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрч байгаа ургацын хаягдал нь комбайны тохиргоо, операторчдын ур чадвараас шууд шалтгаалах ба зарим үед ургацын тал шахам хувьд хүрэх тал бий. Өнөөгийн байдлаар хураалтыг хугацаанаас нь оройтуулж эхлэх, олон хоног сунжруулах, тариа хурааж байгаа ажилд машин хүлээх, будаа буулгахгүй удах зэргээс болж цаг алдах, технологийг буруу сонгох, технологийн саатлаар комбайн саатах зэрэг шалтгаанаас гарч байгаа хаягдал бодит байдал дээр илүү их хувь эзэлж байна. Комбайнаас шалтгаалж гарах хаягдал нь хадах үед, цайруулах үед, ялгах үед, цэвэрлэх үед гарахаас гадна эд ангийн зай завсраар гоожиж болно. Хадах ангиас таслагдсан түрүү, цайрсан будаа, хадагдаагүй үлдсэн ургаа тариа, шилбэтэйгээ буюу иштэй тариа хэлбэрээр, цайруулах ангиас дутуу цайруулалт, няцралтын хэлбэрээр, сүрэл сэгсрэгчээс ялгарч чадалгүй хаягдах, цэвэрлэх ангиас цайрсан түрүүтэйгээ будааны хэлбэрээр ургацын хаягдал голчлон (доорх зураг дээр аль хэсгээс ямар хэлбэрээр тариа будаа хаягдаж байдгийг харах) гарна.

Хэрэв эхний аргаар хаягдал, доголдол арилахгүй бол дараагийн арга хэмжээг авч үзнэ. Зарим тохиолдолд хэд хэдэн тохируулгаас шалтгаалан хаягдал, технологи ажиллагааны доголдол гарч байж болдог. Ийм учраас тухайн нөхцөлд, байдалд тохируулан
тохируулгыг зөв сонгож авах нь чухал юм. Харин бункерт лай, хөнгөн хольц их хэмжээгээр орж байвал салхин сэнсний эргэлтийг
нэмэгдүүлэх шаардлага нэн тэргүүнд тавигдах болно. Бүрэн болсон тариаг оройтуулж шууд хураах, технологийн шаардлага хангахгүй тариаг
ангилах нь ургацын хаягдал гарах эх үүсвэр болдог. Тухайлбал, ангилан хадах шаардлага хангахгүй, тухайлбал, га-аас 7-8 ц-ээс бага ургацтай, тачир ургасан тариаг ангилан хадах аргаар хурааснаас барьцалдаа муутай шилбэ задарч мөрлөгдөх, сийрэг гуурсны завсраар газар дээр унаснаас ул үлдэх, хамах үед хамагчийн шүдээр цацагдах зэргээр шилбэтэй тарианы хаягдал их гарах ба зарим тохиолдолд ургацын 50 хувьд
хүрдэг. Ер нь ургац багатай манай орны нөхцөлд ургацын хэмжээ 15 ц/га-аас доошлох тутам жаткаас гарах ургацын хаягдал нэмэгддэг зүй тогтолтой. Австралын Виктория мужид 100 комбайны хаягдлыг шалгаж үзээд мужийн хэмжээнд тооцоход 178 сая долларын будаа хаягдаж байжээ. Мөн нэг огтоно хоногт 3.5 гр будаа идэж байгааг тогтоосон байдаг. Гэтэл зарим аж ахуй ургацынхаа 20-30 хувийг комбайны хаягдлаас гадна малд
идүүлж,талхлуулж,” огтоноор хураалгаж” байна. Гоожуулсан сүрэл дотроос 20 цайрсан түрүү авч үзэхэд 4-5-аас ихгүй тооны үр түрүүнээс нь олдож, атга лай (нэг стакан хиртэй) шигшүүрийн араас авахад 1-2-с ихгүй цайрсан будаа дотроос нь гарч байвал комбайны тохиргоо таарсан, цайруулалтын чанарыг хангалттай гэж үзнэ.