ТӨРӨӨС ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

6-01-2020, 00:16

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 29 дүгээр тогтоолын хавсралт
ТӨРӨӨС ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
ТӨРӨӨС ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хөдөө аж ахуйг эрчимтэй хөгжүүлж, үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх, хөдөө аж ахуйг байгалийн аливаа эрсдлээс хамгаалах, хөдөөд хүмүүс тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг улам бүр сайжруулахад төр, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэхэд оршино.
2. Энэхүү бодлогын зорилго нь эдийн засаг, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмж, чадавхийг нэмэгдүүлэх,мал аж ахуй, газар тариалан,хүнсний салбарын тогтвортой хөгжлийг хангах, экологийн цэвэр, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэгдэнэ.
3. Төрөөс баримтлах энэхүү бодлогын зорилт нь хүнс, хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн мах, сүү, гурил, төмс,хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, импортыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэхэд оршино.
4. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, удирдлага зохион байгуулалт,бүтцийн өөрчлөлт хийх,түүнийг төгөлдөржүүлэх бүхий л  арга хэмжээг авахад энэхүү бодлогын үзэл санааг үндэслэл болгоно.
 
Хоёр. Хүнс, хөдөө аж ахуйн бодлогын чиглэл
1. Хүнс, хөдөө аж ахуйн бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ нь байгаль, эдийн засаг, санхүү, хүний нөөцөө зохистой ашиглаж, үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, үр ашиг, бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэн хүн амын хүнсний болон үйлдвэрийн эрэлт хэрэгцээнд нийцсэн аюулгүй бүтээгдэхүүн, түүхий эд нийлүүлэх, мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарын тогтвортой хөгжлийг хангах зарчимд тулгуурлана.
2. Монгол Улсын хөдөө аж ахуйн хөгжлийн үндсэн загвар нь өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд болон өөрийгөө бүрэн тэтгэх чадвартай  аж ахуйд тулгуурласан, байгаль, уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон, үр ашигтай, найдвартай, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан байна.
3. Экологийн хувьд цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, оюуны багтаамж ихтэй, эрсдэл багатай, байгаль орчинд халгүй хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийг хөгжүүлэх явдлыг бүх талаар дэмжинэ.  
 4. Бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмж, чадавхийг нэмэгдүүлэхэд дараахь зорилтуудыг хэрэгжүүлнэ:
      1/ байгаль, уур амьсгал, эдийн засаг, гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдалдаа нийцсэн татвар, зээл, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны уян хатан бодлогоор хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих;
      2/ хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох;нэн тэргүүнд фермерийн болон эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, мал сүрэг, тариалангийн үйлдвэрлэлийг байгалийн гамшгаас хамгаалах, даатгалын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хууль, эрх зүйн орчинг шинэчлэх, хүнс, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрүүдийг зээл,татварын бодлогоор дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх;
      3/ хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологийг боловсронгуй болгож гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх;үүний тулд үйлдвэрлэлийн техник, технологийн шинэчлэл хийх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, стратегийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтвортой байлгах, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд лизингийн худалдаа, төлбөрт үйлчилгээг бий болгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
      4/ салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй хамтран ажиллах;
      5/ хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгосон гадаадын буцалтгүй тусламжийн бараа, бүтээгдэхүүнийг борлуулсан орлого болон төслийн зээлийн эргэлтийн сан ,түүний хүүгийн орлогыг тухайн орны Засгийн газартай зөвшилцөн тус салбарыг дэмжих зээлийн сан болгон ашиглах;
      6/ дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг хөдөөгийн усан хангамжийг сайжруулах, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэхэд чиглүүлэх;      
      7/ түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх,боловсруулах технологийг боловсронгуй болгон сав, баглаа боодлыг сайжруулахын зэрэгцээ  тохиромжтой бүс нутагт бөөний худалдааны төв, бирж байгуулж, сүлжээ бий болгохыг дэмжих;
      8/ хөдөөд банк, банк бус санхүүгийн байгууллагуудын үйлчилгээг сайжруулж, хөдөөгийн иргэд, аж ахуйн нэгжийн бэлэн бус мөнгөний арилжаа, зээлийн үйлчилгээг өргөжүүлэх:
                а/хадгаламж зээлийн хоршоод болон банк бус санхуугийн байгууллагуудын хөгжлийг дэмжиж, олон улсын байгууллагуудаас олгож буй хөнгөлөлттэй зээлийг тэдгээрээр дамжуулан ашиглах чиглэл баримтлах.
      9/ хөдөөд ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн амжиргааны түвшинг дээшлүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд дотоод нөөц боломж, гадаадын дэмжлэг, тусламжийг үр ашигтай ашиглах:
      а/хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажиллагсдад үндэсний уламжлалт арга ажиллагааг эзэмшүүлэх, шинжлэх ухааны дэвшилт технологийг нэвтрүүлэх ажлыг сургалтын бүх арга, хэлбэрээр зохион байгуулах.                                       
      10/ хүнс, хөдөө аж ахуйн салбарт ашиглах дотооддоо үйлдвэрлэх боломжгүй техник, сэлбэг, тоног төхөөрөмж, өрхийн хэрэглээний цахилгаан үүсгүүр, эрдэс бордоо, ургамал хамгааллын бодис, малын эм бэлдмэл, өндөр ашиг шимт үржлийн мал, амьтан, тэдгээрийн үр хөврөл, хөврөл үрийг импортын татвар болон нэмэгдсэн өртгийн татвараас хөнгөлөх;    
      11/ хүнсний бүтээгдэхүүний хомсдлоос сэргийлэх зорилгоор буудайг улс худалдан авах тогтолцоог боловсронгуй болгохын хамт стратегийн хүнсний бүтээгдэхүүн болон үр тарианы үрийн улсын нөөцтэй байх;
      12/ хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэдээ, мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний  сүлжээг буй болгон үйл ажиллагааг зах зээлийн шаардлагад нийцүүлэн сайжруулах;
      13/ зах зээлийн нөхцөлд нийцсэн хоршоо, фермерийн аж ахуйг дэмжих:
                а/мал аж ахуй эрхлэгчдэд бэлчээр эзэмшүүлэх эрх зүйн үндсийг бий болгох,малчид, тариаланчдын хоршоо, фермерийн аж ахуйг татвар, зээл , хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих;
                б/хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр, худалдааны хамтын ажиллагаа, хоршилтын зохистой бүтэц бий болгох чиглэл баримтлах.
5. Мал аж ахуйн талаар
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 80 гаруй хувийг үйлдвэрлэж, хүн амаа хүнс, өргөн хэрэглээний бараагаар хангах эх үүсвэр болж байгаа бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг бүсчлэн хөгжүүлж, дотоод зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн чанар сайтай, аюулгүй түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх, экспортын нөөцийг нэмэгдүүлэхэд мал аж ахуйн бодлого чиглэгдэнэ.
Энэ бодлого нь дараахь зорилтуудаар хэрэгжинэ:
      1/ бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгон эрчимжүүлж, үйлдвэрлэлийн үр ашигтай, найдвартай тогтолцоог бүрдүүлэх:
                а/монгол малын тэсвэрт чанарыг бататган биологийн боломжийг нь бүрэн ашиглах, зүй бусын хорогдол, хээл хаялт, сувайралтыг багасгах замаар үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх;
              б/адууг уналга-эдэлгээ, махны; үхрийг мах, сүүний; тэмээг ачлага-эдэлгээ, ноос, сүүний;  хонийг мах, ноосны; ямааг ноолуур, сүүний чиглэлээр зонхилон үржүүлэхийн зэрэгцээ бололцоотой бүс нутагт гахай,шувуу, зөгий, туулайны зэрэг уламжлалт бус аж ахуйг хөгжүүлэх.
      2/ бүсийн тулгуур төвүүд болон тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх;
      3/ мах, сүүний чиглэлийн үхэр, хонь болон гахай, шувуу өсгөн үржүүлэхэд чиглэгдсэн туршилт судалгаа, сонгон үржүүлгийн ажлыг хэрэгжүүлэх;
      4/ нутгийн шилдэг омог, үүлдрийн цөм сүрэг, гадаадын арвин ашиг шимт мал, амьтны шалгарсан удмыг сайжруулагчаар ашиглах, биотехнологи, генийн инженерчлэлийн дэвшилт аргыг нэвтрүүлэх замаар малын үүлдэрлэг байдлыг сайжруулах;                             
      5/ мал сүргийг эрүүлжүүлэх, халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг олон улсын жишигт хүргэж үр дүнг сайжруулах:
                а/бүсийн тулгуур болон орон нутгийн хөгжлийн төвүүд дэх мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийг бэхжүүлж, чадавхийг нь дээшлүүлэх, хөрш болон худалдааны харилцаатай орнуудын мал эмнэлгийн байгууллагуудтай бүх талын хамтын ажиллагааг өргөтгөх;
                б/мал эмнэлэг, үржлийн анхан шатны нэгжийг бэхжүүлэн улсын төсвийн хөрөнгөөр  санхүүжүүлж буй ажил үйлчилгээний эцсийн үр дүнг сайжруулах зорилго бүхий үр ашигтай арга хэлбэрүүдийг нэвтрүүлэх.
      6/ мал, амьтны эрүүл мэндийн олон улсын байгууллагаас тогтоосон А жагсаалтын өвчнөөс тайван орны статусыг хангах:
                а/мал, амьтны шүлхий, мялзан өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтыг хязгаарлаж, уг өвчнөөр тайван орны жагсаалтанд орох бэлтгэл хангах.
      7/ мал, амьтны эм, биобэлдмэлийн үйлдвэрлэл, нийлүүлэлт, хэрэглээнд тавих хяналтыг сайжруулан өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, биобэлдмэлийг хэрэглэх;
      8/ инженерийн болон энгийн уурхайн худаг, уст цэгийг нэмэгдүүлэх, эзэмшил, ашиглалтыг сайжруулахын зэрэгцээ усны нөөцийн бусад эх үүсвэрийг зохистой ашиглах замаар хүн ам, малын усны хангамжийг нэмэгдүүлэх:
                 а/уст цэгүүдийг сэргээн засварлах, шинээр гаргах, цас, борооны усыг хуримтлуулан хиймэл нуур, усан сан,хөв, цөөрөм бий болгох замаар бэлчээрийн усан хангамжийг сайжруулах;
            б/шинээр уст цэг тогтоох хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх, усжуулалтын зориулалттай техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, иргэд, аж ахуйн нэгжийн өөрсдийн хүч хөрөнгөөр уст цэг гаргах,засварлах санал санаачлагыг дэмжих.
      9/ бэлчээрийг зохистой ашиглах, эзэмшүүлэх, сайжруулах, хамгаалах, талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх замаар багтаамж, даацыг нэмэгдүүлэх, үлийн цагаан оготнотой механик болон биологийн аргаар тэмцэх ажлыг өргөжүүлэх:
                а/бололцоотой бүс нутгуудад бэлчээрийг эзэмшүүлэх замаар малчдын холбоо, бүлэг, нөхөрлөл, хамтлаг зэрэг тэдний үүсгэл санаачлагад тулгуурлан бэлчээрийн зохицуулалтын тогтолцоо,мэдээллийн сүлжээ бий болгох;
                б/бэлчээр, хадлангийн талбайн хөнөөлт шавьж , мэрэгчидтэй тэмцэхдээ байгаль орчинд халгүй, үр ашигтай аргуудыг хэрэглэх.
      10/ хадлангийн талбайг ашиглуулах, эзэмшүүлэх, бордох, услах үндсэн дээр байгаль, эдийн засгийн бүс бүрт малын тэжээлийн хэрэгцээг дотоод нөөцөөр хангах нөхцөл бүрдүүлэх;
                               
11/ таримал тэжээлийн үйлдвэрлэлийг дэмжиж, тэжээлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх замаар овор багатай хүчит тэжээлийн эзлэх хувийн жинг тууштай нэмэгдүүлэх:
      а/мал бүхий иргэн ,аж ахуйн нэгжээс ашиглалтгүй бэлчээрийг шинээр эзэмших, усан хангамжийг сайжруулах, өвөлжөө, хаваржааныхаа ойролцоох газрыг цэвэрлэх, хаших, услах, тэжээлийн ургамал тариалах зэргээр ургацыг нь нэмэгдүүлэхийг  урамшуулах;
      б/малын тэжээл бэлтгэж нийлүүлэх чиглэлээр хоршин ажиллах, хүчит тэжээл үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх.
6. Газар тариалангийн талаар
 
Хөрс, уур амьсгал, эдийн засгийн нөөцөө зохистой ашиглаж, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж, тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд газар тариалангийн бодлого чиглэгдэнэ.
Энэ бодлого нь дараахь зорилтуудаар хэрэгжинэ:
 1/ тариалангийн газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах замаар газрыг зах зээлийн эргэлтэнд оруулж, ашиглалтыг сайжруулах:
      а/тариалангийн газрын зориулалтыг өөрчлөх, хөрсний чанар байдалд хяналт тавих, усалгаатай тариалангийн зориулалтаар атар газар эзэмших, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд тариалангийн газрыг ашиглуулах, газар тариаланд үзүүлэх төрийн дэмжлэг,хөрөнгийн эх үүсвэрийн  талаархи эрх зүйн орчныг бий болгох.
2/ хөрс боловсруулах дэвшилтэт технологи /механик элдэншүүлэлтийг цомтгох, тэглэх зэрэг/-ийг нэвтрүүлэх, ногоон бордуурт, эзэнт уриншийн хувийн жинг нэмэгдүүлж, орон нутгийн эрдэс болон шим бордооны үйлдвэрлэл, хэрэглээг өргөжүүлэх, ойн зурвас байгуулах замаар хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах;
3/ энгийн болон инженерийн хийцтэй услалтын системийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах, усалгааны бусад дэвшилтэт арга технологи /дуслын, нэвчилтийн систем болон усан сан, хөв байгуулах/-ийг нэвтрүүлэх замаар усалгаатай тариаланг хөгжүүлэх:
                а/сэргээн засварлах услалтын системийн зураг, төслийг өмчлөгч, эзэмшигчийнх нь захиалгаар хийлгүүлж, түүнийг хэрэгжүүлэхэд  төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, шинээр усалгаатай тариалан эрхэлж буй иргэн,  хуулийн этгээдийг эхний 3 жилд орлогын татвараас, импортоор авч байгаа усалгааны тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөх эрх зүйн үндсийг бүрдүүлэх;
                б/шинээр томоохон хэмжээний усалгаатай тариалан, хадлан бэлчээр бий болгох боломжтой газар нутгийн хайгуул,судалгаа,зураг төсөл боловсруулах,систем байгуулах ажлыг иргэн, аж ахуйн нэгжийн болон улсын захиалга, хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлэх.
      4/ бүс нутгийн хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон хүнс, техник, тэжээлийн таримлын нэр төрлийг олшруулж, тэдгээрийн нутагшсан сортын үрээр дотоодын хэрэгцээгээ хангах:
                а/ган, халуунд тэсвэртэй үр тариа, буурцагт ургамал,жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлж, ургамлын гаралтай хүнс, тэжээлийн амин дэм, уургийн хангамжийг сайжруулах, ургамлын тосны дотоодын хэрэгцээний тодорхой хэсгийг хангах.
 5/ байгаль орчин, бүтээгдэхүүний чанарт сөрөг нөлөөгүй аргаар тариалангийн хог ургамал, өвчин, хортонтой тэмцэх;
 6/ үйлдвэрлэлийн цар хүрээ, төрөл чиглэл, технологид нийцсэн техникийн шинэчлэлийг тууштай явуулах:
                а/газар тариалангийн  техник шинэчлэлд гадаадын зээл, тусламжийг өргөн ашиглахын гадна техникийн зарим эд ангийг дотооддоо үйлдвэрлэх, угсрах, засварлахад дэмжлэг үзүүлэх, өрхийн болон фермерийн хэрэгцээнд нийцсэн бага,дунд хүчин чадалтай техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах.
7/ хамгаалагдсан хөрсний /хүлэмж, нийлэг хальсан бүрхүүл, хучлага, хөрсгүй орчинд тариалах г.м./ таримлын хэмжээг нэмэгдүүлэх, тариалан, эрчимжсэн мал аж ахуй хосолсон фермерийн аж ахуйг хөгжүүлэх.
7. Хүнсний үйлдвэрлэлийн талаар
Хүнсний үйлдвэрлэлийн бодлого нь хүн амын эрэлт хэрэгцээ, хэрэглээний онцлог, түүхий эдийн нөөцөд тулгуурлан уян хатан  технологи бүхий жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлж, экологийн цэвэр, биологийн идэвхтэй бүтээгдэхүүнээр зах зээлд өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ бодлого нь дараахь зорилтуудаар хэрэгжинэ:
 1/ хүн амын хэрэгцээ, түүхий эдийн нөөцөд түшиглэн, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, орчин үеийн технологи бүхий хүнсний жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх:
                 а/уламжлалт цагаан идээ хийхийн зэрэгцээ орон нутагт сүү хүлээн авах, анхан шатны боловсруулалт хийх, хадгалах байгууламжийг бий болгож,хот суурин газарт боловсруулах үйлдвэрийг нэмэгдүүлэх;
                б/төмс, хүнсний ногоо, жимс,жимсгэнэ, шар будаа,хөх тариа,вандуй, шош,эрдэнэшиш, наранцэцэг зэрэг зарим төрлийн таримлын боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх.
 
2/ хүний биеийн бичил махбодийн дутлаас сэргийлэх, зохицуулах үйлчилгээтэй, нярай, өсвөр насны хүүхдийн болон сувилалын хоол, тэжээл, хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх:
                а/баяжуулсан болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мал, ургамлын  гаралтай удамшлын өөрчлөлттэй хүнсний үйлдвэрлэл, хэрэглээнд хяналт тавих,зохицуулах.
3/ хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй  байдалд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох:
а/хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдалд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, лабораторийн шинжилгээг олон улсын жишигт хүргэх.
4/ хот, суурин газрын хүн амыг эрүүл ахуй, ариун цэврийн аюулгүй байдалд бэлтгэгдсэн махаар хангаж, үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлж мах, махан бүтээгдэхүүний боловсруулалтын чанарыг дэлхийн жишигт хүргэж, экспортыг нэмэгдүүлэх;
5/ стратегийн болон импорт орлох, экспортын хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
6/ амьтан, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний боловсруулалтыг нэмэгдүүлж, сав, баглаа боодлыг сайжруулж, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөлийг боловсронгуй болгох.
8.Хүнс, хөдөө аж  ахуйн салбарын шинжлэх ухаан, боловсролын талаар
Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн эрдэм шинжилгээний байгууллагуудыг  тухайн асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулж, салбарын тулгамдсан болон хэтийн зорилтыг шийдвэрлэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарыг шинжлэх ухаанжуулах, технологижуулах, мэдээлжүүлэхэд бодлого чиглэгдэнэ.
Энэ бодлого нь дараахь зорилтуудаар хэрэгжинэ:
 1/ хүнс, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний онол, арга зүй, удирдлагын түвшинг дээшлүүлж, биотехнологи, генийн инженерийн дэвшилтэт ололтыг бүтээлчээр нэвтрүүлэх замаар үйлдвэрлэлийг эрчимжүүлэн үр ашгийг дээшлүүлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх;
2/ хүнс, хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн албадыг техник, тоног төхөөрөмж, өндөр зэрэглэлтэй боловсон хүчнээр хангах, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн холбоог өргөтгөх арга хэмжээ авах;
3/ хөдөөгийн иргэд, ажиллагсдыг зах зээлийн нөхцөлд үйлдвэрлэлээ үр ашигтай эрхлэх арга ухаанд сургах, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, сурталчлах, мэдлэг түгээх арга хэлбэрийг боловсронгуй болгох;
4/ салбарын мэргэжилтэн, мэргэшсэн ажилчин бэлтгэх, давтан сургалтын зохистой арга хэлбэр, хамрах хүрээг өргөжүүлэх.
 
Гурав. Хэрэгжүүлэх үе шат
1. Бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шат /2003-2008 он /
Мал сүргийн тогтвортой өсөлтийг хангах эрх зүй,эдийн засгийн орчин бүрдэж, малчдын мал аж ахуйгаа эрхлэн хөтлөх арга барилд өөрчлөлт орж, байгалийн гамшгийг даван туулахад чиглэгдсэн анхны алхмууд хийгдэнэ.  Малын эрүүл мэнд,  үүлдэрлэг байдлыг сайжруулах бэлтгэл  хангагдан, эрчимжсэн мал аж ахуй сэргэх эхлэл тавигдаж,  төв,  суурин газруудын  орчимд загвар аж ахуйнууд бий болно.
Газар тариалангийн салбарын уналтыг зогсоож, усалгаатай  талбайн хэмжээг 2003 оныхоос 2,5 дахин нэмэгдүүлж, усалгаагүй талбайн хөрсөнд цас, борооны усыг шингээх , түүнийг зохистой  ашиглах технологийг нэвтрүүлснээр хүн амын хэрэгцээт гурилын 50, төмс,хүнсний ногооны 70-аас доошгүй, жимс,  ургамлын тосны 5-7 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөл бүрдэнэ.
Говь, хээрийн бүсийн малын тэжээлийн улс, аймгийн нөөцийн 20-25 хувийг орон нутгаас нь бэлтгэдэг болно.
2. Бодлогыг хэрэгжүүлэх хоёрдахь үе шат /2008-2015 он/
Бэлчээрийн мал аж ахуйд тогтвортой  өсөлт гарч, эрчимсэн мал аж ахуй хөгжиж эхлэх бөгөөд  мал, амьтны зарим гоц халдварт өвчнөөр тайван орны жагсаалтанд багтаж, дотоод, гадаадын зах зээлд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн, түүхий эд нийлүүлж өрсөлдөх чадвар дээшлэнэ.
Малчдын 20-иос доошгүй хувь нь хагас суурин, суурин амьдралын хэв шинжид шилжиж, бэлчээр нутгаа зохистой ашиглаж эхлэхийн зэрэгцээ хот, суурин газрын  орчим сүүний үхэр, гахай, шувуу зэрэг эрчимжсэн мал аж ахуйн фермерүүд бий болно.
Малчид,тариаланчид  хөрөнгийн анхны хуримтлалтай болж, өөрөө өөрийгөө тэтгэх ,хөрөнгө оруулалт хийх боломжтой болно.
Газар тариалангийн  үйлдвэрлэл эрчимжиж , үр тариа, тэжээлийн таримлын ургацын 25-30 хувийг усалгаатай талбайгаас хураан авдаг болж, хүн амын гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг  бүрэн, таримал тэжээлийн 40, жимс, ургамлын тосны 10-15 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангана.  Гадаадын зах зээлд экологийн цэвэр бүтээгдэхүүнээр өрсөлдөх боломж бүрдэнэ.
Хүнсний жижиг, дунд үйлдвэрүүд бүтээгдэхүүний чанар, технологийн түвшингээр өрсөлдөн, чанар сайтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсч, экспортын хэмжээ нэмэгдэнэ.
 
_ _ оОо_ _