ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ

6-01-2020, 00:27

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ 
ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ

 

/Шинэчилсэн найруулга/

 



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь тариалан эрхлэх, тариалангийн бүс нутгийг тогтоох, тариалангийн газрыг зүй зохистой ашиглах, хөрсийг хамгаалах, сайжруулах, тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх
 

2 дугаар зүйл. Тариалангийн тухай хууль тогтоомж

2.1.Тариалангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль, Таримал ургамлын үр, сортын тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

Хэвлэх
 

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

3.1.1."хөрс” гэж Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 4.1.1-д заасныг;

 

 

3.1.2."тариалангийн талбай” гэж тариалангийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа нэгж газрыг;

 

 

3.1.3."атар газар” гэж холбогдох судалгаагаар тариаланд тохиромжтой газар гэдэг нь тогтоогдсон, тариалан эрхлэх зориулалтаар ашиглагдаагүй байгаа газрыг;

 

 

3.1.4."хөрсний шим тэжээлийн бодис” гэж ургамлын өсөлт, хөгжилтөд шаардагдах хөрсөн дэх бодисыг;

 

 

3.1.5."хөрсний үржил шим” гэж ургамлын ургац бүрдүүлэхэд шаардагдах чийг, хөрсний шим тэжээлийн бодис, агаар, дулаан, физик-механик шинж, хими, биологийн орчныг тодорхойлж байгаа хөрсний чадавхыг;

 

 

3.1.6."тариалангийн бүс нутаг” гэж таримал ургамал ургуулах хөрс, цаг уурын тохиромжтой нөхцөл бүрдсэн нутагт газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийн зохистой уялдааг хангах зорилгоор төрөөс тусгайлан тогтоосон бүс нутгийг;

 

 

3.1.7."эрчимжсэн мал аж ахуй” гэж суурин болон хагас суурин байдлаар өндөр ашиг шимт мал, тэжээвэр амьтныг өсгөн үржүүлэх үйл ажиллагааг. 

 

Хэвлэх
 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТАРИАЛАНГИЙН ГАЗАР

4 дүгээр зүйл. Тариалан эрхлэх газар

4.1.Тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн, ашиглуулсан төрийн өмчийн газарт тариалан эрхэлнэ.

 

4.2.Иргэн гэр бүлийнхээ хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар эзэмшүүлсэн, өмчлүүлсэн газарт тариалан эрхэлж болно.

 

Хэвлэх
 

5 дугаар зүйл. Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх

5.1.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх талаарх Засаг даргын саналыг хэлэлцэж шийдвэр гаргана.

 

5.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн гаргасан сум, дүүргийн Засаг даргын саналыг нэгтгэж тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, холбогдох шийдвэр гаргуулсны үндсэн дээр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

 

5.3.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх талаарх тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

 

 

5.4.Энэ хуулийн 5.1, 5.2 дахь хэсэг улсын тусгай хэрэгцээний газарт хамаарахгүй.

 

 

5.5.Энэ хуулийн 5.3-д заасан байгууллагын зөвшөөрөлгүйгээр атар газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно.

 

Хэвлэх
 

6 дугаар зүйл. Тариалангийн газрын ангилал

6.1.Тариалангийн газарт тариалангийн зориулалтаар өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа элдэншүүлэгт оруулсан нийт талбайг хамааруулна.

 

6.2.Тариалангийн газрыг дараахь ангилалд хуваана:

 

 

6.2.1.тариалсан газар;

 

 

6.2.2.уриншилсан газар;

 

 

6.2.3.өнжөөсөн газар;

 

 

6.2.4.атаршсан газар;

 

 

6.2.5.тариалангийн талбайн эргэлт-ашиглалтын зурвас;

 

 

6.2.6.тариалангийн газрын хамгаалалтын ойн зурвас;

 

 

6.2.7.тариалангийн үйлдвэрлэлтэй холбоотой бусад газар.

 

Хэвлэх
 

7 дугаар зүйл. Тариалсан газар

7.1.Тариалсан газарт хүний үйл ажиллагаагаар тарьж ургуулсан таримал ургамал бүхий талбай хамаарна.

 

7.2.Доор дурдсан таримал ургамал бүхий талбайг тариалсан газарт хамааруулахгүй:

 

 

7.2.1.үр цацах, услах, бордох зэргээр сайжруулж тордсон бэлчээр, хадлангийн талбай;

 

 

7.2.2.хот, суурингийн дотор тарьж ургуулсан мод болон зүлэгжүүлсэн талбай, хот орчмын ногоон бүс;

 

 

7.2.3.элсний нүүдэл зогсоох зорилгоор тарьсан мод, бут, сөөг.

 

Хэвлэх
 

8 дугаар зүйл. Уриншилсан газар

8.1.Уриншилсан газарт хөрсөнд чийг хуримтлуулах, хог ургамлаас цэвэрлэх зорилгоор механик болон химийн аргаар боловсруулж өнжөөсөн тариалангийн талбай хамаарна.

 

8.2.Таримал ургамлын сэлгээнд ээлжлэн тариалсан болон ногоон бордуурт уриншийн талбайг уриншилсан газарт оруулж тооцно.

 

Хэвлэх
 

9 дүгээр зүйл. Өнжөөсөн газар

9.1.Өнжөөсөн газарт хоёр жилийн хугацаанд тариалалт болон уринш хийгээгүй тариалангийн талбай хамаарна.

Хэвлэх
 

10 дугаар зүйл. Атаршсан газар

10.1.Атаршсан газарт гурван жил тариалалт, уринш хийгээгүй тариалангийн газар хамаарна.

Хэвлэх
 

11 дүгээр зүйл. Тариалангийн талбайн эргэлт-ашиглалтын зурвас

11.1.Тариалангийн талбайн гадна хэсэг дэх эргэн тойрон 100 метр хүртэл эргэлт-ашиглалтын зурвастай байж болно.

 

11.2.Тариалангийн талбайн эргэлт-ашиглалтын зурвас нь тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн эзэмшиж, ашиглаж байгаа тариалангийн газарт хамаарна.

 

Хэвлэх
 

12 дугаар зүйл. Тариалангийн газрын хамгаалалтын ойн зурвас

12.1.Тариалангийн газрын хамгаалалтын ойн зурвас нь тариалангийн газрын хөрсийг салхины элэгдэл, эвдрэлээс хамгаалах зорилгоор байгуулсан мод, бут бүхий зурвас газар байна.

 

12.2.Тариалангийн газрын хамгаалалтын ойн зурвас нь тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн эзэмшиж, ашиглаж байгаа тариалангийн газарт хамаарна.

 

Хэвлэх
 

13 дугаар зүйл. Тариалангийн үйлдвэрлэлтэй холбоотой бусад газар

13.1.Тариалангийн үйлдвэрлэлтэй холбоотой бусад газарт дараахь газар хамаарна:

 

13.1.1.хөдөө аж ахуйн туршилт, судалгааны талбай;

 

 

13.1.2.тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дэд бүтцийн газар.

 

Хэвлэх
 

14 дүгээр зүйл. Тариалангийн газрын зориулалт өөрчлөх

14.1.Тариалангийн газрын зориулалтыг өөрчлөхгүйгээр өөр бусад зориулалтаар эзэмших, ашиглахыг хориглоно.

 

14.2.Дараахь тохиолдолд тариалангийн газрын зориулалтыг өөрчилж болно:

 

 

14.2.1.тариалангийн газрын хөрсний үржил шим алдагдсан, элэгдэлд орсон, давсажсан, намагшсаны улмаас тариалангийн үйлдвэрлэлд тохиромжгүй болсон нь энэ хуулийн 26.2-т заасан шинжилгээгээр тогтоогдсон;

 

 

14.2.2.улсын тусгай хэрэгцээнд зориулан авсан.

 

 

14.3.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 14.2.1-д заасан шинжилгээний дүнд үндэслэсэн тариалангийн газрын зориулалтыг өөрчлөх талаарх Засаг даргын саналыг хэлэлцэж шийдвэр гаргана.

 

 

14.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн гаргасан сум, дүүргийн Засаг даргын саналыг нэгтгэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, холбогдох шийдвэр гаргуулсны үндсэн дээр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

 

14.5.Энэ хуулийн 14.4-т заасан саналд тухайн газрын байршлыг харуулсан зураглал, агрохими болон агрофизикийн шинжилгээний дүн, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хавсаргасан байна.

 

 

14.6.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.4-т заасан саналыг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

 

Хэвлэх
 

15 дугаар зүйл. Тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах

15.1.Газрын нэгдмэл санд бүртгэгдсэн тариалангийн газрыг газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тариалангийн зориулалтаар гэрээ (цаашид "гэрээ” гэх)-ний үндсэн дээр эзэмшүүлж, ашиглуулна.

 

15.2.Гэрээнд Газрын тухай хуулийн 34.6-д зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:

 

 

15.2.1.таримлын төрлөөр тариалах талбайн хэмжээ;

 

 

15.2.2.хөрс хамгаалах, сайжруулах арга хэмжээ;

 

 

15.2.3.энэ хуулийн 20.2-т заасан тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн үүрэг.

 

 

15.3.Гэрээг Газрын тухай хуулийн 34.8-д заасны дагуу жил бүр дүгнэхдээ сум, дүүргийн тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний санал, дүгнэлтийг тусгана.

 

 

15.4.Тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний загварыг газрын болон тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

 

 

15.5.Тариалангийн зориулалтаар газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуульд заасан ерөнхий хугацааг баримтлах бөгөөд 40 жилээс доошгүй байна.

 

 

15.6.Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь тариалангийн газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх асуудлыг Газрын тухай хуулийн 38.1-д заасны дагуу шийдвэрлэх бөгөөд доор дурдсан шаардлагыг хангасан байна:

 

 

15.6.1.энэ хуулийн 26.2-д заасан шинжилгээний дүнгээр хөрсний үржил шимийг доройтуулаагүй нь тогтоогдсон байх;

 

 

15.6.2.хуульд заасан нөхцөл болзол, газар эзэмшүүлэх гэрээг зөрчөөгүй байх;

 

 

15.6.3.тариалангийн газрыг зориулалтын дагуу ашигласан байх.

 

 

15.7.Тариалангийн газрыг атаршуулсан, атар газрыг эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр хагалсан бол буруутай этгээд нөхөн сэргээж, хохирлыг барагдуулна.

 

 

15.8.Энэ хуулийн 15.7-д заасан газрыг нөхөн сэргээх, хохирол тооцох аргачлалыг тариалангийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

 

Хэвлэх
 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ

16 дугаар зүйл. Тариалангийн үйлдвэрлэл, түүний төрөл

16.1.Тариалангийн үйлдвэрлэлд таримал ургамлыг тариалах, арчлах, ургуулах, хураан авах, тээвэрлэх, хадгалах, худалдах үйл ажиллагаа хамаарна.

 

16.2.Тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн, ашиглуулсан газарт дараахь төрлийн таримлын үйлдвэрлэл эрхэлнэ:

 

 

16.2.1.зусах болон өвөлжих үр тарианы ургамал;

 

 

16.2.2.төмс, хүнсний ногоо, мөөг;

 

 

16.2.3.жимс, жимсгэнэ;

 

 

16.2.4.нэг ба олон наст тэжээлийн таримал;

 

 

16.2.5.тосны ургамал;

 

 

16.2.6.техникийн ургамал;

 

 

16.2.7.эмийн болон цэцэг, гоёл чимэглэлийн таримал;

 

 

16.2.8.бусад таримал.

 

 

16.3.Тариалангийн газарт хар тамхи, мансууруулах болон хордуулах үйлчилгээтэй таримал тариалахыг хориглоно.

 

Хэвлэх
 

17 дугаар зүйл. Тариалангийн бүс нутаг

17.1.Тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, төрөлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлэх зорилгоор тариалангийн бүс нутгийг энэ хуульд заасны дагуу тогтоож болно.

 

17.2.Тариалангийн бүс нутаг, түүний заагийг тогтоох асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг харгалзан тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

 

 

17.3.Тариалангийн бүс нутаг хөдөө аж ахуйн чөлөөт бүсэд байж болно.

 

 

17.4.Тариалангийн бүс нутгийг засаг захиргааны нэгжээр тогтооно.

 

 

17.5.Тариалангийн бүс нутагт суурин болон хагас суурин эрчимжсэн мал аж ахуйг тусгайлсан бэлчээрт эрхэлнэ.

 

Хэвлэх
 

18 дугаар зүйл. Тариалангийн үйлдвэрлэлийн техник, технологийн шинэчлэл

18.1.Үр тарианы үйлдвэрлэлд хөрс хамгаалах тэг элдэншүүлгийн болон цомхотгосон технологийг ашиглана.

 

18.2.Тариалангийн үйлдвэрлэлийн техникийн худалдааг сургалт, сэлбэгийн хангамж, засвар үйлчилгээний тогтолцоог бүрдүүлсэн, мэргэжлийн хүний нөөцтэй, үйлдвэрлэгчийн итгэмжлэлтэй хуулийн этгээд эрхэлнэ.

 

 

18.3.Тариалангийн үйлдвэрлэлийн техник нь хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, үржил шимийг хадгалах, чийгийн ууршилтыг багасгах, эдийн засгийн үр ашигтай, хөдөлмөрийн аюулгүй нөхцөлийг хангасан, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах шаардлагад нийцсэн байна.

 

 

18.4.Атар болон атаршсан газрыг эхний удаа эргэлтэд оруулах, холбогдох технологийн дагуу усалгаатай талбайг боловсруулах болон ногоон бордуурт уринш хийхээс бусад тохиолдолд үр тарианы үйлдвэрлэлд газрын хөрсийг хөмрүүлж хагалах техник, технологи ашиглахыг хориглоно.

 

Хэвлэх
 

19 дүгээр зүйл. Төрөөс тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, санхүүжүүлэх

19.1.Тариалангийн үйлдвэрлэлд төрөөс мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг үзүүлж болно.

 

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан дэмжлэгийн хэмжээг Засгийн газар тогтооно.

 

 

19.3.Тариалангийн үйлдвэрлэлийг төрөөс дэмжих, хөгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлж болно:

 

 

19.3.1.улсын болон орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;

 

 

19.3.2.тариалангийн салбарт гадаад улс, олон улсын байгууллагаас олгосон зээл, буцалтгүй тусламж;

 

 

19.3.3.гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдээс олгосон хандив, тусламж, хөрөнгө оруулалт;

 

 

19.3.4.хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.

 

 

19.4.Хандивлагч орон, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тариалангийн үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон зээл, буцалтгүй тусламжийг зөвхөн зориулалтын дагуу зарцуулна.

 

 

19.5.Энэ хуулийн 19.3-т заасан хөрөнгийг дараахь зориулалтаар зарцуулна:

 

 

19.5.1.услалтын систем шинээр байгуулах, өргөтгөх, сэргээн засварлах, усан сан, хөв, цөөрөм байгуулах, усалгаатай тариалангийн талбайн хайгуул, судалгаа хийх;

 

 

19.5.2.тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх, ойн зурвас байгуулах;

 

 

19.5.3.үр тариа, тэжээл, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний сорт бүтээх, сорих, сортын үр, суулгац үржүүлэх, үйлдвэрлэх болон төмсний бичил булцуу үйлдвэрлэх;

 

 

19.5.4.үр тариа, тэжээл, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийн техник, технологийн шинэчлэл хийх, засвар болон техникийн үйлчилгээний төв байгуулах;

 

 

19.5.5.төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний хадгалалт-борлуулалтын тогтолцоог бүрдүүлэх, өвлийн хүлэмж байгуулах;

 

 

19.5.6.үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах.

 

 

19.6.Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журмыг тариалангийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

 

 

19.7.Энэ хуулийн 14.2.1-д заасан газрыг тариалангийн эргэлтэд оруулах зорилгоор хөрсний үржил шимийг сайжруулах арга хэмжээ авсан бол төрөөс дэмжлэг үзүүлж болно.

 

 

19.8.Мөнгөн урамшуулал олгох, дэмжлэг үзүүлэхэд техник, технологийн шинэчлэл хийсэн, хөрсний үржил шимийн хэвийн байдлыг хадгалсан, ургацын чанарыг тогтвортой дээшлүүлсэн, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангасан байдлыг харгалзана.

 

 

19.9.Энэ хуулийн 19.8-д заасан ургацын чанарыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр тодорхойлно.

 

 

19.10.Тариалангийн үйлдвэрлэлийг даатгалд хамруулах асуудлыг холбогдох хуулиар зохицуулна.

 

 

19.11.Дотоодын хэрэгцээнээс илүү гарсан тариалангийн бүтээгдэхүүнийг экспортлож болно.

 

Хэвлэх
 

20 дугаар зүйл. Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүрэг

20.1.Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч дараахь эрхтэй:

 

20.1.1.хууль тогтоомжид заасны дагуу төрөөс дэмжлэг авах;

 

 

20.1.2.Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах, шилжүүлэх.

 

 

20.2.Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч дараахь үүрэгтэй:

 

 

20.2.1.өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах;

 

 

20.2.2.тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх;

 

 

20.2.3.тариалангийн газарт хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал илэрсэн бол мэргэжлийн байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэх, шаардлагатай арга хэмжээг авах;

 

 

20.2.4.тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах;

 

 

20.2.5.таримлын үрийг таваас доошгүй жил тутам шинэчлэх;

 

 

20.2.6.таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх;

 

 

20.2.7.байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, сэлгэн тариалалтыг зохих түвшинд хадгалах;

 

 

20.2.8.өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа тариалангийн газарт хуульд заасан хугацаанд агрохими, агрофизикийн шинжилгээ хийлгэх;

 

 

20.2.9.хөдөө аж ахуйн инженер, агрономичтой байх;

 

 

20.2.10.тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа сум, дүүрэгтээ бүртгүүлж, иргэдийг ажлын байраар хангасан байх;

 

 

20.2.11.талбайн түүх хөтлөх;

 

 

20.2.12.эрх бүхий байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийн дагуу тариалангийн технологийг мөрдөх;

 

 

20.2.13.хууль тогтоомжид заасан бусад.

 

 

20.3.Тариалангийн газрыг атаршуулахыг хориглоно.

 

 

20.4.Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно.

 

 

20.5.Энэ хуулийн 20.2.11-д заасан талбайн түүх хөтлөх дэвтрийн загвар, аргачлалыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

Хэвлэх
 

21 дүгээр зүйл. Тариалангийн үйлдвэрлэлийн төлөвлөлт

21.1.Тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг Засгийн газар батална.

 

21.2.Тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, дунд хугацааны хөтөлбөрт тулгуурлан жил бүрийн төлөвлөгөөг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, хэрэгжилтийг зохион байгуулна.

 

 

21.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн жилийн тариалангийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг тариалан эрхлэгчдийн саналд тулгуурлан боловсруулж, сум, дүүрэг тус бүрээр баталж, хэрэгжилтийг зохион байгуулна.

 

 

21.4.Тариалангийн бүтээгдэхүүний хадгалалтын үеийн хэвийн хорогдлыг тооцох аргачлалыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

Хэвлэх
 

22 дугаар зүйл. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний аж ахуй

22.1.Хүн амыг дотоодод тариалсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнээр хангах зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

22.2.Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний зоорь, өвлийн хүлэмж, тээвэрлэлт, хадгалалт, худалдааны ложистикийг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ.

 

 

22.3.Иргэнд газар тариалангийн зориулалтаар газар өмчлүүлэх харилцааг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4.1.2, 5.1.7, 5.1.8 дахь заалт, 7.3 дахь хэсгийг баримтлан зохицуулна.

 

Хэвлэх
 

23 дугаар зүйл. Тариалангийн үйлдвэрлэлийн тайлан, мэдээллийн сан

23.1.Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллага нь тариалангийн газрын ангилал тус бүрээр болон тариалсан таримал, сорт, үр, техник, хураасан ургацын мэдээг сум, дүүргээр нэгтгэн, тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухайн жилийн 2 болон 4 дүгээр улиралд хүргүүлнэ.

 

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан мэдээг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хэмжээнд нэгтгэн, Засгийн газарт танилцуулна.

 

 

23.3.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сантай байна.

 

 

23.4.Энэ хуулийн 23.1-д заасан мэдээ гаргах, хүргүүлэх болон энэ хуулийн 23.3-т заасан мэдээллийн сан бүрдүүлэх журмыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

Хэвлэх
 

24 дүгээр зүйл. Тариалангийн үйлдвэрлэлийг хамгаалах

24.1.Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 

24.1.1.мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээх;

 

 

24.1.2.ан ав хийх;

 

 

24.1.3.дайран өнгөрөх, зам гаргах;

 

 

24.1.4.өвс, сүрэл, байгалийн бусад ургамал шатаах;

 

 

24.1.5.тариалан эрхлэхтэй холбоогүй бусад үйл ажиллагаа.

 

 

24.2.Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно.

 

 

24.3.Энэ хуулийн 24.2-т заасан мал аж ахуй эрхлэгчийн өвөлжөө, хаваржааг тухайн орон нутагт нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон тээврийн зардлыг тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нэг удаа хариуцна.

 

 

24.4.Энэ хуулийн 24.3-т заасны дагуу нүүн шилжих мал аж ахуй эрхлэгчийн өвөлжөө, хаваржааны газрын асуудлыг сум, дүүргийн Засаг дарга 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

 

 

24.5.Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлалыг тариалангийн, хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

 

Хэвлэх
 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТАРИАЛАНГИЙН ГАЗРЫН ХӨРСИЙГ ХАМГААЛАХ

25 дугаар зүйл. Хөрс хамгаалах, сайжруулах үйл ажиллагаа

25.1.Тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах талаар дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

25.1.1.энэ хуульд өөрөөр заагаагүй бол үр тарианы үйлдвэрлэлд хөрсийг тэг элдэншүүлгийн болон цомхотгосон технологиор боловсруулах;

 

 

25.1.2.тариалангийн талбайг хаших;

 

 

25.1.3.ойн зурвас байгуулах;

 

 

25.1.4.талбайд сүрлэн хучлага тогтоох;

 

 

25.1.5.өвчин, хортон, хог ургамал болон ганд тэсвэртэй нутагшсан, ирээдүйтэй сортын үрээр тариалах;

 

 

25.1.6.сэлгээнд буурцагт ургамал тариалах;

 

 

25.1.7.эрдэс, органик бордоо, ургамал хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, төлөвшүүлэх;

 

 

25.1.8.усалгааны горимыг мөрдөх;

 

 

25.1.9.талбайн түүхэнд хөрс хамгааллын арга хэмжээг тусган хөтлөх.

 

Хэвлэх
 

26 дугаар зүйл. Тариалангийн газрын хөрсний төлөв байдал, чанар

26.1.Тариалангийн газрын хөрсний төлөв байдал, чанарыг таримал ургамлын өсөлт, хөгжилтийг хангах үржил шим /ялзмаг/, шим тэжээлийн бодис, хөрсний элэгдэл, эвдрэлийн зэргийн үзүүлэлтээр тогтооно.

 

26.2.Тариалангийн газрын хөрсний төлөв байдал, чанарын үзүүлэлтийг агрохими, агрофизикийн шинжилгээгээр тодорхойлно.

 

 

26.3.Агрохими, агрофизикийн шинжилгээг хөрсний сорьц шинжилгээний чиглэлээр Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу итгэмжлэл авсан лаборатори хийж гүйцэтгэнэ.

 

 

/Энэ хэсэгт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

 

 

26.4.Агрохимийн шинжилгээг дараахь үзүүлэлтээр гаргана:

 

 

26.4.1.хөрсний 0-40 см хүртэл гүний ялзмаг;

 

 

26.4.2.нитратын азот;

 

 

26.4.3.хөдөлгөөнт фосфор;

 

 

26.4.4.хөдөлгөөнт кали;

 

 

26.4.5.бусад.

 

 

26.5.Агрофизикийн шинжилгээг дараахь үзүүлэлтээр гаргана:

 

 

26.5.1.хөрсний бүхэлшил;

 

 

26.5.2.хөрсний эвдрэл, элэгдлийн зэрэг;

 

 

26.5.3.усалгаатай тариалангийн газрын хөрсний намагжилт, давсжилт;

 

 

26.5.4.хөрсний нягт;

 

 

26.5.5.бусад.

 

 

26.6.Тариалангийн газрыг эзэмшигч, ашиглагч нь энэ хуульд зааснаас гадна нэмэлт үзүүлэлтээр шинжилгээ хийлгэж болно.

 

 

26.7.Агрохими, агрофизикийн шинжилгээг таван жил тутамд тариалангийн газрын эзэмшигч, ашиглагч өөрийн хөрөнгөөр хийлгэнэ.

 

 

26.8.Тариалангийн газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулахаар анх удаа олгох, нөхөн олговортойгоор эргүүлэн авах, зориулалтыг өөрчлөхөд агрохими, агрофизикийн шинжилгээг хийлгэх бөгөөд зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

 

 

26.9.Тариалангийн зориулалттай газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэхэд эрх шилжүүлж байгаа иргэн, хуулийн этгээд нь тариалангийн газарт агрохими, агрофизикийн шинжилгээг өөрийн зардлаар хийлгэсэн байна.

 

 

26.10.Агрохими, агрофизикийн шинжилгээ хийсэн итгэмжлэгдсэн лаборатори нь шинжилгээний дүнг кадастрын зурагт буулгаж, зөвлөмжийн хамт газар эзэмшигч, ашиглагчид болон тариалангийн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.

 

 

26.11.Агрохими, агрофизикийн шинжилгээний явцад зөрчил илэрвэл энэ тухай итгэмжлэгдсэн лаборатори сумын газрын даамал болон тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дүүргийн газрын албанд мэдэгдэх үүрэгтэй.

 

 

26.12.Тариалангийн газрын хөрсний төлөв байдал, чанарт хийсэн агрохими, агрофизикийн шинжилгээний дүн нь тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сангийн бүрэлдэхүүн хэсэг байна.

 

Хэвлэх
 

27 дугаар зүйл. Тариалангийн газрын хөрсний төлөв байдал, чанарт тавих хяналт

27.1.Хөрсний төлөв байдалд тавих хяналтыг тариалангийн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

 

27.2.Агрохими, агрофизикийн шинжилгээний дүнгээр хөрсний төлөв байдал, чанарыг өмнөх шинжилгээний дүнгээс дордуулсан нь мэргэжлийн байгууллагын шинжилгээ, дүгнэлтээр тогтоогдсоны дагуу сайжруулах тодорхой арга хэмжээ авах талаар тариалангийн газар эзэмшигч, ашиглагчид хоёроос таван жилийн хугацаатай мэдэгдэл өгч, зөвлөмж хүргүүлнэ.

 

 

27.3.Мэдэгдэлд заасан хугацаанд хөрсний төлөв байдлыг сайжруулах арга хэмжээ аваагүй бол тариалангийн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллага нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох саналыг зохих шатны Засаг даргад хүргүүлнэ.

 

 

27.4.Энэ хуулийн 27.3-т заасан саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга хөрсний төлөв байдлыг дордуулсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Газрын тухай хуульд заасны дагуу тухайн этгээдэд мэдэгдэнэ.

 

Хэвлэх
 


ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

28 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

28.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

28.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

28.3.Тариалангийн тухай хууль зөрчигчид хариуцлага торгууль оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний хуулиар өөрчлөн найруулсан/