“ХҮНСНИЙ НОГОО” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

6-01-2020, 00:37

"ХҮНСНИЙ НОГОО” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

 

Нэг.Нийтлэг үндэслэл

Өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор Засгийн газар "Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрийг 1997-2012 онуудад 2 үе шаттайгаар хэрэгжүүлж, 2012 онд улсын хэмжээгээр 16.8 мянган га-гаас 245.9 мянган тонн төмс, 7.8 мянган га-гаас 98.9 мянган тонн хүнсний ногоо хураан авсан нь хөтөлбөрийн суурь онтой харьцуулахад төмс, хүнсний ногоо тариалсан талбай 2 дахин, хураан авсан ургац 3 дахин нэмэгдэж, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 52.5 хувийг дотоодын ургацаас хангаж байсан. Улсын хэмжээгээр 2016 онд 35000 өрх, 350 гаруй хоршоо, аж ахуйн нэгж төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн аж ахуй эрхлэн 8.3 мянган га талбайд хүнсний ногоо тарьж 93.5 мянган тонн ургац авсан нь 2012 онтой харьцуулахад үйлдвэрлэлийн хэмжээ буурсан дүнтэй байна.

Хүнсний ногооны үйлдвэрлэл нь гар ажиллагаа ихтэй, нарийн технологитой, шинэ технологи нэвтрүүлэхэд өртөг өндөртэй байдаг. Өнөөдөр манай улсад хүнсний ногооны үйлдвэрлэлийн механикжуулалтын түвшин 38 хувьтай байгаа бөгөөд тариалан эрхлэгчдийн 96.5 хувь нь талбайгаа энгийн аргаар, 3.5 хувь нь инженерийн хийцтэй услалтын системээс усалж байна. Түүнчлэн хүнсний ногооны нийт үйлдвэрлэлд хамгаалагдсан хөрсний аж ахуйн үйлдвэрлэл 6 хүрэхгүй хувийг эзэлж, 68.4 га хүлэмж (өвлийн 17.5 га, зуны 50.9 га)-нээс 4538 тонн нарийн ногоо хураан авч, өргөст хэмх, улаан лооль, чинжүү, навчит ногоо зэрэг голлох нэрийн хүнсний нарийн ногоог импортоор авч байна. Хөдөө, орон нутгийн иргэд, малчдад шинэ ургацын ногоо, үйлдвэрийн аргаар боловсруулсан ногоог хүргэх худалдаа, үйлчилгээ, хадгалалтын сүлжээ байхгүйгээс хөдөөгийн хүн амын хүнсний ногооны хэрэглээ хангалтгүй байсаар байна.

Иймд манай улсад өрхийн үйлдвэрлэлээс гадна ногооны төрөлжсөн аж ахуй, хоршоодын хүнсний ногоо тариалах талбайн хэмжээг нэмэгдүүлэх, хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ногооны үрийн аж ахуйг бэхжүүлэх, усалгаажуулах, бүтээгдэхүүнийг хадгалах агуулах, зоорь болон борлуулалтыг дэмжих замаар дотоодын үйлдвэрлэлээр хүнсний ногооны хэрэгцээгээ хангах шаардлагатай байна.

Тариалангийн тухай хуулийн 21.1 дэх заалт болон Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.39-т "..үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногоог 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангана” гэж, 2.41-д ".. үрийн сорт чанарыг сайжруулах замаар га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлнэ” гэж, 2.44-т ".. өвөл, зуны хүлэмжийн загвар, цогцолбор аж ахуйг хөгжүүлж, хот, суурингийн хүн амыг шинэ ургацын ногоогоор тогтвортой хангана” гэж заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор "Хүнсний ногоо” хөтөлбөрийг боловсруулав.

Хоёр.Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа

2.1.Хөтөлбөрийн зорилго нь өрхийн тариалан эрхлэгч болон хүнсний ногооны төрөлжсөн аж ахуйн нэгж, хоршоог дэмжих замаар хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын хэрэгцээгээ жилийн турш тогтвортой хангахад оршино.

2.2.Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:

2.2.1.хамгаалагдсан хөрсний тариаланг дэмжиж, таримлын нэр төрлийг олшруулж, нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэн өвөл, хаврын улиралд хүн амыг шинэ ургацын хүнсний ногоогоор тогтвортой хангаж, импортын хамаарлыг бууруулах;

2.2.2.дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар хүнсний ногооны үйлдвэрлэлийг эрчимжүүлж, усалгаатай тариалангийн хэмжээ, агуулах, зоорийн багтаамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хувийн хөрөнгө оруулалтыг урамшуулах, шууд худалдааны сүлжээ, төрөлжсөн захыг дэмжин хөгжүүлэх;

2.2.3.хүнсний ногооны үр үйлдвэрлэлийг дэмжиж, ирээдүйтэй болон нутагшсан сортыг туршиж, үйлдвэрлэлд нэвтрүүлэн үрийн чанарыг сайжруулж, хангамжийг нэмэгдүүлэх;

2.2.4.хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэдээллээр хангах замаар хүний нөөцийн чадавхыг сайжруулах.

2.3."Хүнсний ногоо” хөтөлбөрийг 2018-2022 онд хэрэгжүүлнэ.

Гурав.Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1.Хөтөлбөрийн 2.2.1-д заасан зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1.1.өвлийн хүлэмжийн аж ахуйг байгуулахад хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлийн дэмжлэг үзүүлж, хот суурингийн хүн амыг жилийн турш шинэ ургацын ногоогоор хангах;

3.1.2.орон нутагт зуны нийлэг хальсан хүлэмж байгуулахад зориулж хөнгөлөлттэй нөхцөлөөр дэмжлэг үзүүлж, таримлын нэр төрлийг нэмэгдүүлэх;

3.1.3.хүлэмжинд мөөг, ашигт таримал, гүзээлзгэнэ тариалахыг дэмжиж, гидропоник болон босоо тавиурт усан орчинд ногоо ургуулах дэвшилтэт технологийг нэвтрүүлж, нэгжийн ургацыг нэмэгдүүлэх;

3.1.4.хөрсний үржил шимийг сайжруулах, нөхөн сэргээх, ургацын чанар, тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор таримлын ургалтын үеийн био, органик, эрдэс бордоог хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх;

3.1.5.ургамал хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, зохистой дадал, шинэ технологийг нэвтрүүлэх замаар химийн бодисын хэрэглээг бууруулах;

3.1.6.хүнсний ногооны тариалалт, хураалт, хадгалалтын технологийг хөрс, бордоо, ургамал хамгаалал, сорт, усжуулалт, механикжуулалт, хадгалалт, тээвэрлэлт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй хамтад нь авч үзэн цогцоор нь боловсруулж тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид зөвлөмж болгон хэрэгжүүлэх;

3.1.7.хүнсний ногоог хатаах, хөлдөөх, хуурайшуулах дэвшилтэт технологийг нутагшуулах, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

3.1.8.статистикийн албан ёсны мэдээлэлд хүнсний ногоог таримлын нэр төрлөөр оруулж, мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлэх.

3.2.Хөтөлбөрийн 2.2.2-т заасан зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.2.1.хүнсний ногоо үйлдвэрлэгчийн захиалгаар бага, дунд оврын трактор, түүнд зориулсан чиргүүл дүүжин машин, мотоблок болон түүнд сольж угсардаг үрлэгч, арчлах, хураах техникийг нийлүүлэх ажлыг зохион байгуулах;

3.2.2.хүнсний ногоог ялгаж дугаарлах, сортлох, савлах төхөөрөмж, гар багажны хангамжийг сайжруулах;

3.2.3.өрхийн тариалан эрхлэгчид сайн дураараа хорших, хуулийн этгээд байгуулах, нэгдсэн байдлаар техник, тоног төхөөрөмжийг худалдан авахад нь санхүү, эрх зүйн зөвлөмж болон зээл, хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

3.2.4.хүнсний ногооны үйлдвэрлэлд ажиллаж байгаа залуу гэр бүл, залуучуудад гарааны болон санхүүгийн дэмжлэг олгож, ажлын байртай болгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

3.2.5.хүнсний ногоо тариалахад тохирсон эрчим хүчний зарцуулалт багатай, ус хэмнэлттэй зарцуулдаг, байгаль орчинд халгүй, хямд төсөр усалгааны арга болох дуслын усалгаа, хөрсөн дотроос нэвчүүлэх усалгаа зэрэг дэвшилттэй технологи нэвтрүүлэх;

3.2.6.гэрийн болон үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний ногооны стандартыг боловсруулж мөрдүүлэх;

3.2.7.услалтын системийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, дэд бүтцийг сайжруулах замаар ногоочдын бүлэг, хоршоодыг дэмжин нэгж талбайгаас авах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх;

3.2.8.инженерийн хийцтэй томоохон услалтын систем бүхий иргэн, аж ахуйн нэгж таримлын сэлгээндээ хүнсний ногоо тариалах санаачилгыг дэмжих замаар үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх;

3.2.9.байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй хөргөлт, халаалтын технологитой стандарт бүхий зоорийн аж ахуйг нэмэгдүүлэх;

3.2.10.таримлын төрөлд зохицсон зориулалтын зоорь, агуулах байгуулах иргэн аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлж, импортыг бууруулах;

3.2.11.хүнсний ногоо тариалагчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ чанар, стандартад нийцүүлэн зах зээлд нийлүүлэх, борлуулалтын дотоод сүлжээ бий болгох боломжийг бүрдүүлэх;

3.2.12.нийслэлийн дүүргүүд болон аймгийн төв, хүн ам олонтой томоохон сум, хот, суурин газарт тариалан эрхлэгчдийн санаачилга, оролцоонд тулгуурлан хүнсний ногоог хадгалах, борлуулах ажлыг шууд худалдааны борлуулалтын сүлжээ, төрөлжсөн зах бий болгох асуудлыг шийдвэрлэх;

3.2.13.хүнсний ногооны борлуулалтыг төрийн худалдан авалт (боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, хууль сахиулах болон уул уурхай)-аар дэмжих бодлого, зохицуулалтын арга хэмжээ авах.

3.3.Хөтөлбөрийн 2.2.3-т заасан зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.3.1.хүнсний ногооны үр үйлдвэрлэлийг үрийн аж ахуйн тогтолцооны дагуу нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, хяналтад оруулж, гарал үүсэл нь тодорхой, чанарын баталгаатай торгон, сортын болон эрлийз үр үйлдвэрлэж, борлуулах нөхцөлийг бүрдүүлэх;

3.3.2.агроэкологийн нөхцөлийг харгалзан ногооны үр үйлдвэрлэлийг бүсчлэн хөгжүүлэх, үр үржүүлэгчийн мэргэшлийн түвшин, дадлага туршлага, материаллаг баазын хангамж зэрэгт тулгуурлан үр үржүүлэхийг дэмжих;

3.3.3.ногооны үр үйлдвэрлэл эрхлэгчдэд үрсэлгээ бойжуулах зориулалтын хүлэмжийн аж ахуйг байгуулахад нь дэмжлэг үзүүлэх;

3.3.4.хүнсний ногооны үрийн тариалан эрхлэгчдэд сэлгээний талбай нэмж олгох ажлыг зохион байгуулах;

3.3.5.ногооны шинэ сорт бүтээх, шинэ таримал турших, тэдгээрийн элит сортын баталгаат үр үржүүлгийг дэмжиж, шинжлэх ухаан, технологийн төслийг захиалан эрдэм шинжилгээний байгууллагуудаар гүйцэтгүүлэх.

3.4.Хөтөлбөрийн 2.2.4-т заасан зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.4.1.мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд ногоочин, техникийн ажилтан бэлтгэх төрөлжсөн анги, сургалтын тоог нэмэгдүүлэх, суралцах сонирхолтой, сургуулиа төгсөөд ажиллах боломжтой залуучуудыг хөнгөлөлттэй нөхцөлөөр сургах, мэргэшүүлэх;

3.4.2.салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдийг гадаад орнуудын үр үйлдвэрлэх, хүлэмжийн аж ахуй, усалгааны шинэ техник, зоорийн тоног төхөөрөмжтэй танилцуулах, олон улсын үзэсгэлэнд оролцуулах, сургаж дадлагажуулах замаар хүнсний ногооны тариалалт, үйлдвэрлэлийн шинэ технологи эзэмшүүлэх;

3.4.3.хүн амд дотоодын хүнсний ногоог зохистой хэрэглэхийн ач тусыг ойлгуулах, сурталчлах ажлыг зохион байгуулах;

3.4.4.хүнсний ногоо тариалах, арчлах, ургацыг хадгалах, боловсруулах технологи, арга ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлж, сурталчлах ажиллагааг өргөжүүлэх;

3.4.5.хамгаалагдсан хөрсний аж ахуй эрхлэгчдийг харилцан туршлага судлуулах, гидропоник орчинд ургуулах арга, технологи нэвтрүүлэх, аймаг, орон нутагт үзүүлэх сургалт зохион байгуулах;

3.4.6.услалтын систем, усалгааны тоног төхөөрөмжийн ашиглалт, таримлын ус хэрэглээ, технологийн талаар хүнсний ногоо тариалагчдад зориулсан сургалт зохион байгуулах, сурталчилгаа хийх;

3.4.7.бага, дунд оврын техникийн ашиглалт, зориулалт, шатахуун зарцуулалт, бүтээлийн норм, технологийн сургалтыг танхимд болон талбайд зохион байгуулах;

3.4.8.ногоочдыг сайн дураараа зохион байгуулалтад оруулж, ургацаа төв суурин газарт борлуулах ажлыг мэргэжлийн холбоодын оролцоотой зохион байгуулж, арга зүйн сургалт, сурталчилгаа хийх;

3.4.9.дотооддоо үйлдвэрлэх шим болон биологийн бордоог хэрэглэх, хөрсний үржил шимийг сайжруулах, хашаажуулах технологийн сургалтыг бүсчлэн зохион байгуулах;

3.4.10.хүнсний ногооны түгээмэл өвчин, хортон шавж, хог ургамлыг таних зорилго бүхий каталогийг хэвлүүлэн түгээх, хөнөөлт организмтай хүн, мал, амьтан, байгаль орчинд ээлтэй аргаар тэмцэх технологийн сургалт, семинарыг зохион байгуулах;

3.4.11.борлуулалтыг дэмжих, бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор "Алтан намар” үзэсгэлэн-худалдааг бүх сум, дүүрэг, хороодод зохион байгуулж, орон нутагт туршлага солилцох, үзүүлэх сургалт хийх.

Дөрөв.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

4.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөл ажиллана. Үндэсний зөвлөлийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлнэ. Үндэсний зөвлөлийн ажлын алба нь хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байна.

4.2.Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд холбогдох яам, Засгийн газрын агентлагийн удирдах албан тушаалтан, эрдэм шинжилгээ, сургалтын болон төрийн бус байгууллага, өрхийн тариалан, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчийн төлөөлөл оролцох бөгөөд зөвлөлийн гишүүдийг Үндэсний зөвлөлийн дарга томилж, чөлөөлнө.

4.3.Аймаг, нийслэлд "Хүнсний ногоо” дэд хөтөлбөр боловсруулан батлуулж хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөр хэрэгжүүлэх салбар зөвлөлийг тухайн шатны Засаг дарга ахлан аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллана.

Тав.Хөтөлбөрийн санхүүжилт

5.1.Хөтөлбөрийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

5.1.1.улсын болон орон нутгийн төсөв;

5.1.2.олон улсын болон хандивлагч орнуудын зээл, тусламж;

5.1.3.төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;

5.1.4.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;

5.1.5.бусад эх үүсвэр.

Зургаа.Хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлт

6.1.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг дор дурдсан шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ:

 

Үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин

(2017 он)

Зорилтот

түвшин

(2022 он)

1

Гол нэрийн хүнсний ногооны хангамж

хувь

52

100

2

Бага тархацтай буюу нарийн ногооны хангамж

хувь

10

60

3

Хүнсний ногооны нийт ургац

мянган тонн

93.5

181.5

4

Хүнсний ногооны импорт

мянган тонн

60.0

36.0

5

Нэгж талбайн ургац

цн/га

112.1

142.1

6

Хүнсний ногооны нэр төрөл, сорт

тоо

31 нэр төрөл,

65 сорт

40 нэр төрөл,

90 сорт

7

Хүнсний ногооны үр үйлдвэрлэл

кг

15000

20000

8

Төл сонгино, сармисны үр

тонн

9

100

9

Нутагшсан ба ирээдүйтэй сорт

тоо

65

90

10

Хүнсний ногооны механикжуулалт

хувь

38

60

11

Зоорины багтаамж

мянган тонн

197.5

297.5

12

Хамгаалагдсан хөрсний ургац

тонн

5.1

Жилд 11.2 мянган тонн өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, гүзээлзгэнэ хураан авна.

13

Өвлийн хүлэмж

га

19.1

51.1

14

Нарны халаалттай болон нийлэг хальсан хүлэмж

га

56.8

166.8

15

Усалгаатай талбайн хэмжээ

га

Дуслын усалгаа 87.8 га, бороожуулах усалгаа 670 га, гадаргын усалгаа 7583.7 га

Суурь түвшнээс дуслын усалгааг 412.3 га-гаар, бороожуулах усалгааг 1830 га-гаар, гадаргын усалгааг 1300 га-гаар нэмэгдүүлнэ.

16

Биологийн гаралтай ургамал хамгааллын бэлдмэл

тонн

0.0

300.0

17

Эрдэс бордооны үйлдвэрлэл

тонн

30 мянга

50 мянга

18

Урт болон дунд хугацааны сургалтад хамрагдсан мэргэжилтний тоо

тоо

300

2100

19

Ногоо тариалдаг өрх, аж ахуйн нэгжийн тоо

тоо

35000

43000

20

Өрхийн дундаж орлого

мян.төг

1000.0

1500.0

 

 

6.2.Хөтөлбөр хэрэгжих хугацааны шалгуур үзүүлэлтийн жил жилийн хүрэх түвшинг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

Долоо.Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

7.1."Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.7-д заасны дагуу зохион байгуулж, тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

7.2.Орон нутагт хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг бүх шатны Засаг дарга, салбар зөвлөлтэй хамтран гүйцэтгэж, хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

7.3.Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нэмэлт,
өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

“ХҮНСНИЙ НОГОО” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР 

 

 

-----оОо-----