ТАНЫ МЭДЛЭГТ

30-03-2021, 17:48

 

ТАНЫ МЭДЛЭГТ

Бүх төрлийн шинэ ногоон салатууд, бүхий л зөөлөн бяслаг, загас ногоонууд болон шөлтэй хоолыг амталдаг бөгөөд ингэснээр давсыг хэмнэдэг болно. Одоогоор 10 гаруй төрлийн сортуудыг тариалж байгаа бөгөөд эдгээр нь чанар агуулагдах бодисоор адил боловч хаана тариалснаас шалтгаалж ургалт нь харилцан адилгүй байна. Үүнийг хүмүүс өөрсдөө амсч мэдэрдэг улаан навчтай төрлүүд нь маш гайхалтай амттай бөгөөд нимбэгэн базилик, шанцайн базилик, амтлагч базилик, Тайландын базилик ба Грекийн сөөгөн базилик гэх мэтээр ангилан нэрлэж хүнсэндээ ашигладаг.

Шинэ буюу хатаасан навчнууд нь хүнсний амтлагч болдог. Зөөлөн амтлаг, амт үнэр нь хэрчсэн базиликийг бараг бүх хоолонд нэгэн онцгой амт оруулах боломжийг олгодог. Ялангуяа италийн үндэсний хоолны песто соус хийхэд чухал амтлагч юм.

Навчлах хугацаа: 6 сарын сүүлээс 9 сар хүртэл 45-60 хоног

Хураах хугацаа: Цэцэглэхийн өмнө

Хэрэглэх хэсгүүд: Ногооны иш, навч

Агуулагдах бодисууд: Эфирийн тос, Кампар, Линеол, Идээлэгийн бодис, Глюкозид

Эрүүл мэндийн ач холбогдол: Хоолны дуршил сэргээх, хоол шингээлтийг сайжруулах, ханиад томуу намдаах, сэтгэл санаа тайвшируулах, бэлгийн чадавхи дээшлүүлэх, нойр сайжруулах зэрэг олон талын чухал нөлөөтэй.

Навчнууд нь шинэ ургацын болон хатаасан хэлбэртэй үнэр сайтай байдаг. Эдгээр нь гич шиг ба бага зэрэг нимбэгний төрлийн амттай байдаг. Өмнөд Европын болон тухайлбал Италийн гал тогоонд энэхүү ногоо нь хамгийн дуртай амтлагч ногоонд тооцогддог. Түүнчлэн консервлосон махны үйлдвэрүүдэд базилик нь амтлагчаар хэрэглэгддэг бөгөөд ликёрын үйлдвэрлэлд Базиликийн ацитат болон дэстилац гарган авч эмийн ургамлын ликёруудад хэрэглэдэг.

Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд үнэртэний хольцуудад зориулан үнэртэй усанд Базиликад агуулагдсан эфирийн тосыг ашигладаг.

Эрдэмтэн судлаачид олон амтлаг хандалсан ургамлууд орчин үеийн хэрэглэгчдэд маш их таашаал өгдөгийг заан тэмдэглэсэн байдаг. Сэтгэцийн сомадик шинжтэй өвчлөлүүдэд хийсэн шинэлэг судалгаануудаас үзэхэд амьдралын чиг баримжааны тухайд үнэрүүд болон тансаг үнэртнүүд нь чухал болохыг харуулсан байна.

Эдгээр нь тэжээлийн үйл ажиллагаа, бэлгийн харилцааны чадвар, зан төлөвийн байдал зэрэгт нөлөөлдөг бөгөөд хүний оюун санаа ба шийдвэр гаргахад тодорхой нөлөөтэй байдаг. Шинэхэн навчиснууд нь 0.02-0.5 %-ийн эфирийн тосыг агуулдаг бөгөөд эмийн зүйлд ойролцоогоор 1.5 %-ийн агуулгатай ордог (Gөrhard 1990).

Базиликийн олон янзын төрлүүдэд нийтдээ 100 гаруй бодисууд агуулагддаг нь нотлогдсон бөгөөд найрлага нь тухайн ургамлын уугуул нутгаас хамааран өөр өөр байдаг юм.

Судлаач Вернин ба Метцгер (1984) нар олон нутаг орны эфирийн тосны найрлагын талаартойм гаргасан байдаг. Франц болон Германы Базиликийн эфирийн тосонд ихэвчлэн дараах бодисууд агуулагддаг: Леналол тос, метилхавикол ба цинеол, Италийнхад леналол, шанцын хүчлийн метилэстер, метилхавикол, ойгонол ба бага хэмжээгээр сэсквитерпинүүд (Gөrhard 1990) агуулагдсан байдаг.

Цаашилбал базиликад агуулагдсан бодисуудад нүүрстөрөгчийн гидрат, эрдэс бодисууд, идээлэгч бодисууд (ойролцоогоор 5%), глюкозууд, шүлтлэг сапонинууд, β – ситоэстерин, олений хүчлүүд ба урзолын хүчлүүд ордог.

Базиликийн 100 г хуурай бүтээгдэхүүнд ус 11.0 г, уураг 14.0 г, өөх тос 4.0 г, нүүрс ус 60.0 г болон бусад эрдэс бодисууд агуулагддаг. Эдгээр үйлчлэгч бодисууд нь ходоодны архаг салстууд үүсэх, ходоодны орчны өвдөлтүүдийг бууруулдаг бөгөөд гэдэс дүүрэх ба өтгөн хаагдахыг анагаахад тусалдаг болно.

Базилик нь мөн шээс гадагшлуулах ба хоолны дуршил өдөөх үйлчилгээтэй бөгөөд түүний амтлагч хүч нь өндөр байдаг учир бага хэмжээгээр хэрэглэдэг.

Гал тогоонд хэрэглэдэг ногооны хувьд Базиликийг хоол буцалж болохын өмнөхөн хийж хэрэглэдэг. Хатаах үед үнэрний чанар нь буурдаг.

Эдийн засгийн хувьд Базилик нь дэлхий дахинд ач холбогдол бүхий, харин дундад Европд шинэ буюу дахин нээгдсэн амтлагч ургамалд тооцогддог.

Германд жилд 2 сая орчим савтай Базиликийг тарьдаг бөгөөд энэ нь жил бүр боодлын Базиликийн борлуулалт нь нэмэгдэж, өмнөд Германд илүү давамгай байр суурь эзэлдэг. Үүний зэрэгцээ Герман улс Израйл ба Италиас Базиликийг их хэмжээгээр импортолдог байна.

Тариалалт

 ТАНЫ МЭДЛЭГТ

Базилик нь дулаанд дуртай ногоо учраас хөрсний дулаан цельсийн 15-18 градус тогтмол болсон үеэс үрийг тарина. Ургах хамгийн тохиромжтой температур нь Цельсийн 18-22 градусын хооронд байдаг. Үүнээс доогуур температурт ургамлын өсөлт сааталд орж, 3-4 долоо хоног үргэлжилж болно. Ийм учраас ил талбайн тариалалтын нөхцөлд гэрэл нэвтрүүлэгч хучлага, тунель хэрэглэхийг зөвлөдөг.

Ингэснээр хөрсний температурыг 1-3 градусаар нэмэгдүүлж болдог. Базилик тарихад сайтар нунтгарч жигд тэгшилсэн гадаргуутай талбай байх шаардлагатай. Үрийг нь талбайн гадаргууд жигд цацаж, үрийг урсгахгүйгээр болгоомжтой зөөлөн услана.

И талбайд ургуулж байгаа үед анхны цочир хүйтрэлтээр үхдэг. Иймээс хамгийн найдвартай ургуулах арга нь хамгаалагдсан хөрс ба хүлэмжинд ургуулах нь зохистой.

ТАНЫ МЭДЛЭГТ

 

Базилик ургуулах хөрс нь шим бордоогоор сайтар бордогдсон органик бодисын агуулга ихтэй байх. Эсвэл тусгайлан бэлтгэсэн субстрат (компост) байх хэрэгтэй. Ургуулах байр юмуу хүлэмж нь нарны гэрэлтүүлэг сайтай, хүчтэй салхи ба нарны хэт цоонолтоос сайтар хамгаалагдсан орчинд базилик сайн ургана.

 

Базиликийн үрслэгийг халаалттай хүлэмжинд 3-р сарын сүүлчээр ургуулж эхлэнэ. Үрслэг ургуулахад хүлэмжийн температур нь цельсийн 16 градусаас доошгүй дулаан байх шаардлагатай.

Базиликийн үр нь нилээд удаж байж соёолно. Гадаад оронд үрслэг ургуулахад хүлэр, ялзмагжсан органик бодист багсармал хоовон бэлтгэдэг. Харин Монголд хүлэр байхгүй учир бууц, сүрэл, үртэс зэрэг материалыг сайтар ялзруулж ашиглах боломжтой.

Базиликийн үрслэг ургах байр, орчны дулаан цельсийн 13-16 градусд тогтмол байлгах шаардлагатай. Ил талбайд шилжүүлж суулгахын өмнө үрслэгийг өлчиржүүлэхийн тулд хүлэмжийг бага зэрэг сэрүүцүүлж, салхи оруулах хэрэгтэй.

Үрслэгийг шилжүүлж суулгахад багцалж цөөн хэсэг ургамлаар бөөн суулгах юмуу эсвэл ургамлыг өөр хооронд нь 25-30 см зайтай байршуулж суулгажболно.

Базиликийг ургуулахдаа хаврын сүүлчийн цочир хүйтрэлтэнд анхаарч хамгаалах хэрэгтэй. Мөн түүнийг ногоон амтлагч болгон хэрэглэх бол хэрэглээний болцыг тохируулж тарих хугацааг сонгоно.

Шим тэжээлээр баялаг хөрс, наранд ээвэр газар улаан лоольтой орчинд хамт тарьвал базилик сайн ургадаг. Базиликийн үр нь гэрэлд ил тарьдаг ургамал юм.

ТАНЫ МЭДЛЭГТ

Базиликийн үрийг хөрсөөр хучилгүй ил суулгадаг. Энэ ургамлыг ил талбай, хүлэмж болон гэрт цонхны тавцан дээр цэцгийн саванд тарьж ургуулж болно. Соёололт нь 14 хоногийн дараа гэхэд л жигдэрч, түүнийг 4 долоо хоногийн дараанаас түүвэрлэн хурааж болно. Ургамлыг томруулж хэрэглэх, үр авах, зориулалттай бол ургамал хооронд 25-30 см болгож цөөлөлт хийнэ. Усалгааг зөв зохицуулан хийх хэрэгтэй. Цэцгийн нахиа гарах үед нь түүнийг таслан авна.

Намрын хүйтрэлтэд амархан нэрвэгдэнэ. Иймд намрын цочир хүйтрэлтээс хамгаалж хучлага, бүрхүүл хэрэглэх юмуу ургамлыг ухаж авч субстрат (компост), хөрстэй саванд шилжүүлэн суулгаж гэрэлтэй дулаан байранд ургуулж болно. Энэ үед ургамлыг ишний угаас 5-8 см өндөрт тайрч сэргээн ургуулна. Дулаан байранд шилжин ургуулснаар дахин навчилж намар оройгоос өвлийн улиралд хүнсэнд хэрэглэнэ. Базиликийн ургац хураалтыг хэрэглээний хэмжээнд тохируулан хийж ашиглана.

 

 


Эх сурвалж: ХААИС багш О.Отгонцэцэг "Амтлагч ногоо" номноос оруулав.